Энэ он гарснаас хойш KFC, Pizza Hut-ын нэр барьсан залиланд 310 иргэн ₮1.1 тэрбумыг алджээ
2026 он гарснаас хойш KFC, Pizza Hut-ын нэр барьсан залиланд 310 иргэн 1.1 тэрбум төгрөгийн хохирол амссан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ төрлийн залилан нь төлбөр төлөх хэсгээр дамжуулж иргэний дансны мэдээллийг авч залилдаг аж. Иргэн хуурамч сайтад дансныхаа хувийн мэдээллийг оруулж мэдээллээ алдсанаар дансан дахь мөнгөө алддаг байна.
Мөн хуурамч болон жинхэнэ сайтын нэр ялгаатай байдаг учир түүнийг сайтар нягталж харж байхыг анхаарууллаа.
Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг залиланд алдсан 1.1 тэрбум төгрөгийн 300 гаруй сая төгрөг дээр нь хязгаарлалт тогтоосон байна. Иймд иргэд цахим залиланд өртсөн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Хурдан мэдэгдсэнээр мөнгөндөө барилт хийлгүүлэх боломжтой гэдгийг зөвлөв.
Иргэдээс "данс нь байгаад байхад яагаад барьж чаддаггүй юм бэ" гэх гомдол ирдэг байна. Гэтэл гүйлгээ хийсэн данс нь залилагч этгээдийнх биш буюу залилсан мөнгөө 2-3 хохирогчийн дансаар дамжуулсан эсвэл өөр нэг иргэний дансыг түрээслэх нөхцөлөөр ашигласан зэрэг үйлдлүүд тогтоогддог байна.
Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн томоохон сүлжээ хоолны газруудын нэрийг барьсан залилан эрс нэмэгдсэн бөгөөд иргэдийн авдаг үйлчилгээнүүд ихэнх нь цахимжиж байгаатай холбоотойгоор залилагчид өдрөөс өдөрт залилангийн аргаа өөрчилж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар бараа үйлчилгээ захиалах, мөрийтэй тоглоом, телеграм /даалгавар биелүүлэх/, түрээсийн үйлчилгээ, бусдын цахим хаяг ашиглах зэрэг залилангийн аргууд түгээмэл байгаа буюу нийт гэмт хэргийн 55.15 хувийг бүрдүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
