С.Бямбацогт УИХ-ын дарга болохын тулд ХҮН намын гурван хүслийг сонсжээ
УИХ-ын даргыг томилох асуудал Төрийн ордонд хоёр дахь өдрөө яригдаж байна.
МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, чуулганы хуралдаанд танилцуулсан. Уг асуудлаар Ардчилсан намын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авсан бөгөөд УИХ-ын дарга болох хүнийг намын гишүүнчлэлээс татгалзах хуулийн төслийг дэмжвэл томилохоор тохиролцсон. Тиймээс өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалздаг байх хуулийн төслийг дэмжүүлж чадсан юм.
Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан боловч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хуралдааныг түр завсарлуулсан. Энэ дундуур С.Бямбацогт УИХ дахь ХҮН намын зөвлөлтэй уулзаж, УИХ-ын даргаар сонгогдвол хэрхэн ажиллах талаараа ярилцсан байна.
"Бүлэг байгуулах боломж байна уу гэдэг асуудлыг мөн ярьсан"
Уг уулзалтын талаар УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт "ХҮН намын зөвлөлийн хуралд дуудагдаж оролцлоо. Парламентад суудалтай намуудтай зөвшилцөж, шинэ нам гэж ялгахгүйгээр асуудалд хандаж байхыг тус зөвлөл захилаа. Нэгэнт хамтарсан Засгийн газар учраас ачааны хүндийг хамт үүрч, хариуцлага хамтдаа хуваалцана. Тиймээс ХҮН намын Засгийн газрын гишүүдийн бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүслээ. УИХ-ын гишүүдийг олонх, цөөнх гэж ялгаварлахгүйгээр ажлын хэсэгт ажиллах боломжийг бүрдүүлэх зарчмыг барьж ажиллахыг шаардлаа.
Өмнө нь хууль санаачлах хүрээнд ажлын хэсэг байгуулдгийг болиулж, УИХ дээр хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн хууль дээр ажлын хэсэг байгуулахад олонх, цөөнх гэж ялгаварлахгүйгээр жигд оролцуулахыг ХҮН намын зөвлөл ярилаа.
Дээрээс нь Төрийн ордны өрөө тасалгааны асуудлыг ярилаа. Өрөө тасалгаа хүрэлцээ муутай байдаг. 76 гишүүнтэй байхад ордонд багтдаггүй байсан бол 126 гишүүнтэй болчхоод бүр багтахгүй болсон. Бүлэг байгуулах боломж байна уу гэдэг асуудлыг мөн ярьсан.
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийг батлуулаад явна. Парламентад суудалтай намуудын зөвшилцлийг хангах, гишүүдийг олонх цөөнхөөр хангахгүй байх үүднээс УИХ-ын дарга төвч байр сууринаас асуудалд хандах ёстой. Миний хувьд УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдоод ажиллаж байна. Аль болох улс төржихгүй байх, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих зарчмыг бодож ажилладаг. Хэрэв хууль батлагдвал хуулийг хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү байна гэж бодохгүй байна" гэв.
"манай намын байр суурьтай нийцэж байгаа учраас С.Бямбацогтыг дэмжинэ"
Түүнчлэн УИХ дахь ХҮН намын зөвлөл хэвлэлийн хурал зохион байгуулж, өнөөдрийн уулзалтаар ярьсан асуудлаа танилцуулав.
УИХ-ын гишүүн Б.Ганзориг: Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь дэмжиж байгаа. Аль нэг намын дарга гишүүд УИХ-ыг удирдахаар бодлогын мэтгэлцээнээс илүүтэй намчирхсан байр суурийг гаргаж байдаг. Нам бус болоод ирвэл сонгодог парламентын үндэс суурь бэхэжнэ. Засгийн газар огцрох бүрд УИХ-ын дарга солигддог байдал алга болно гэж харж байгаа. Засгийн газрын тогтворгүй байдлаас бол УИХ тогтворгүй байдалд орно гэдэг бол парламентын дархлаа сулрах эрсдэлүүд бий.
Олонхын намын бүлгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Түүнээс УИХ-ын даргаар ажилласан тохиолдолд парламентын дархлааг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тэгш оролцоог хангах боломжийг нээх асуудлаар бодлогын байр суурийг асуусан. С.Бямбацогтын зүгээс намуудын тэгш оролцоог хангах, гишүүдийн санаачилсан хуулийн төсөл дээр нам харгалзахгүйгээр тэгш оролцоог хангаж явахаа тодорхой илэрхийллээ.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдвал намаасаа түдгэлзээд явахаа бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гишүүдийн оролцоог тэгш хангах, бодлогын мэтгэлцээн явуулах боломжийг нээх дээр манай намын байр суурьтай нийцэж байгаа учраас С.Бямбацогтыг дэмжинэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
