"Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна"
Прокурорын байгууллагаас өнгөрсөн онд 634 хүүхдэд холбогдох 469 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.
"Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна.
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ даган дуурайж, цахим орчинд насанд хүрээгүй хохирогчийн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэлж, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан биед нь халдсан тохиолдлууд ч гарсан" гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат "Хүүхэд хамгааллын тухай хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар тусгасан байдаг. Хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийн нэр төр, бие махбодод нь халдах, гадуурхах үйлдлээ биеэр болон цахимаар ялгаварлан дээрэлхэхийг хэлж байгаа.
Бусдын биед халдсан тохиолдолд үйлдлээс шалтгаалаад Эрүү эсвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулах үндэслэл болж байна гэсэн үг.
Магадгүй ийм асуудалд холбогдсон тохиолдолд "Би насанд хүрээгүй юм чинь хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй" гэж ойлгож болохгүй ээ. Хуульд заасан үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж явах ёстой. Цагдаагийн байгууллагаас шалгана. Магадгүй хүүхдэд хариуцлага хүлээлгэхээргүй бол түүний хууль ёсны төлөөлөгч эцэг, эхээс бусдад учруулсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэх зохицуулалттай" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
