“Нэгдүгээр тойрог хурдны зам” төслийг гүйцэтгэх тендерт Хятадын дөрвөн компани оролцжээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр нээв.
Төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “Нэгдүгээр тойрог хурдны зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “China first highway engineering company limited”, “Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” гэсэн дөрвөн компани оролцож, үнийн саналаа ирүүлсэн байна.
Тендерт оролцсон дөрвөн компанийг ирэх долоо хоногт Үнэлгээний хороо үнэлнэ. Туулын хурдны зам, тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 бууруулах юм.
Уг замыг барих хөрөнгийн 85 хувийг санхүүжүүлэгч банк, 15 хувийг Улаанбаатар хот гаргана. 15 хувийг 10-аас доошгүй жилийн хугацаанд эргэн төлнө.
Тойрог хурдны замын газар чөлөөлөлтийн төлөвлөгөөг гаргаж, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ, ТЭЗҮ хийгдсэн. Замын трассын дагуух археологийн авран хамгаалах хайгуул судалгааны ажлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн гүйцэтгэсэн тайлангаа ирүүлсэн байгаа.
Туулын хурдны зам, нэгдүгээр тойрог зам салшгүй төсөл. Туулын хурдны замтай холбоотой хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Харин нэгдүгээр тойрог хурдны замын бүтээн байгуулалтыг энэ зундаа багтаан эхлүүлнэ. Газар чөлөөлөлт, ажлын нарийвчилсан зураг зэрэгцэж хийгдэнэ.
Нэгдүгээр тойрог замын хүндрэлтэй зүйл нь гэр хороолол, барилга байгууламжийн дагуу баригдахаар төлөвлөгдсөн тул 3,500 орчим нэгж талбарыг чөлөөлнө. Өөрөөр хэлбэл 3,500 айлын газрыг чөлөөлнө. Трасст орсон айлуудад мэдэгдэл хүргүүлж, үнэлгээ хийлгэн иргэдтэй зөвшилцөн нөхөн олговрыг олгох процесс үргэлжилнэ.
Та бүхэнд ирэх долоо хоногт нэгдүгээр тойрог хурдны замыг барих гүйцэтгэгчийг хэрхэн шалгаруулсан талаар тайлагнана. Тендерт шалгарсан ААН, байгууллагуудтай хамгийн багадаа 30 хоногийн хэлцэлд орно. Санхүүжүүлэгч банк, нийслэл хот, гүйцэтгэгч ААН, санхүүгийн даатгал үзүүлж буй ААН-үүдтэй урт хугацааны хэлэлцээр хийнэ, ингээд тавдугаар сард багтаж гэрээ байгуулна. Үүний дараа өнгөрсөн жил гаргасан Засгийн газрын баталгааны хугацааг сунгасан шийдвэрийг УИХ-д танилцуулаад ажил эхэлнэ.
Нэгдүгээр тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бол 2027 оны эцэст Туулын хурдны зам ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн шүдний өвчин болсон авто замын түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэдгийг хэлье" гэж мэдээллээ.
Түүний мэдээлснээр Туулын хурдны замын газар чөлөөлөлтийн ажил дууссан бол Нэгдүгээр тойрог хурдны замыг барих газар чөлөөлөлт ирэх тавдугаар сарын сүүлээр эхлэх аж.
Нэгдүгээр тойрог зам төслийн танилцуулга:
“Нэгдүгээр тойрог зам”-ын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай.
Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар.
“Нэгдүгээр тойрог зам”-ыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 80-100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ.
Туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчих юм. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолсон.
Нэгдүгээр тойрог зам нь Туулын хурдны замтай хоёр байршилд огтлолцох бөгөөд ТЭЦ-4-ийн замаар дайран өнгөрч, I хороолол буюу Өнөр хорооллын баруун тал, үерийн далан дагуу хойш гэр хороолол руу чиглэнэ. Цааш Баянхошуу дэд төвтэй олон түвшний уулзвараар холбогдож, зүүн тийш чиглэх ба Хувьсгалчдын өргөн чөлөөтэй хөндлөн огтлолцож, Самбалхүндэвийн оршуулгын газар (цэцэрлэгт хүрээлэн)-ын хойд талаар туннелээр гарч, Хайлааст болон долоон буудлын замыг дайран өнгөрнө. Энэ хэсэгт олон түвшний уулзвараар холбогдоно. Цааш Сэлбэ дэд төвийн урд талаар тойрон гарч Сэлбэ голын дээгүүр өнгөрч, Дарь-Эхийн замтай гүүрээр холбогдоно.
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус нэмэгдэнэ гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
