₮3.2 их наядын төсөвт өртөгтэй нэгдүгээр тойрог замын тендерийг өнөөдөр нээнэ
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 километр урттай, үндсэн зам нь зургаан эгнээтэй, туслах замууд 2-4 эгнээтэй, 9 километр гүүрэн байгууламж, хоёр км туннельтэй нэгдүгээр тойрог зам төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг өнөөдөр нээнэ.
Уг авто замыг барих нийт төсөвт өртөг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөг бөгөөд тухайн онд санхүүжих төсөвт өртөг ₮1 их наяд. Ингэхдээ зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Тендерийг зураг төсөл, худалдан авалт, зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил, санхүүжилттэй хамтарсан буюу EPC+F хэлбэрээр зарлажээ.
Нэгдүгээр тойрог зам нь баруунаас зүүн тийш Туулын хурдны замтай нийлэх бөгөөд Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Амгалан зэрэг зургаан дүүргийн дэд төвтэй холбогдсоноор хотын төвийн түгжрэлийг 20-25 хувиар бууруулах тооцоолол гарсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлж байв.
Тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан ч хугацааг хоёр удаа сунгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
