Уншиж байна ...

3.2 их наяд төгрөгөөр нэгдүгээр тойрог авто замыг барих гүйцэтгэгч ирэх сард тодорно

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод хэрэгжүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад буй. Тус тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр нээх аж. Уг авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барина. Олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн есдүгээр сард зарласан ч хоёр удаа сунгасан юм.

Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөгджээ.

Мөн 13 байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, гурван явган хүний гүүр, дөрвөн нүхэн гарц барихаар тусгаж, авто замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн гэнэ.

Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлэх үндсэн үүрэгтэй.

Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор зохион байгуулагдсан бөгөөд богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолжээ.

Трассын баруун хэсэгт Нэгдүгээр тойрог зам нь Хоёрдугаар тойрог замтай огтлолцож, урдаас хойд чиглэлд Баянхошууны гудамжтай холбогдоно. Уулын өндөрлөг хэсгийг туннелээр нэвтрүүлэх шийдэл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих тав тухыг хангах ач холбогдолтой. Туннелийн нийт урт 2,080 метр бөгөөд хоёр тусдаа хонгилтой, зургаан эгнээ замтай байна.

Туннелээр гарсны дараа замын трасс нь Хайлааст, 7 буудлын бүсийг дайран өнгөрч, 7 буудалтай огтлолцох хэсэгт олон түвшний уулзвар байгуулахаар төлөвлөжээ. Улмаар зүүн тийш чиглэн эмнэлэг, сургуулийн зориулалттай газруудын ойролцоогоор одоогийн замын чиглэл дагуу үргэлжилж, Сэлбэ голыг тойрон, Сэлбэ дэд төвийг дайран гарна. Гол гудамж зам нь Дарь-Эхийн замыг дайран өнгөрөх бөгөөд хоёр талд нь гарц гарган холбохоор төлөвлөжээ. Мөн трассыг сургуулийн бүсийг тойруулан, уулын бэл дагуу байрлуулснаар хот төлөвлөлт, аюулгүй байдлын уялдааг хангах шийдэл болно гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд болон шууд бусаар нийт 14,160 ажлын байр бий болох бөгөөд үүнээс 3,540 нь байнгын ажлын байр, мөн 3,000 яндан буурна гэж тооцоолжээ.