Уншиж байна ...

Нэгдүгээр тойрог авто замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн хугацааг дахин сунгасан байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод Нэгдүгээр тойрог зам төслийг хэрэгжүүлэхээр болоод буй.

Авто замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер хүлээн авах эцсийн хугацааг 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 13:00 цаг, тендер нээх хугацааг 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 13:10 цаг болгон тус тус дахин сунгажээ. Өмнө нь тендерийн хугацааг нэг удаа хойшлуулсан юм.

Тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэж хугацааг сунгасан болохыг албаны эх сурвалжууд мэдэгдэв.

Нэгдүгээр тойрог замыг барьснаар нийслэл орчмын бүс нутгийн авто замын сүлжээг нэгтгэх стратегийн ач холбогдолтой бөгөөд Дархан-Уул аймаг чиглэлийн авто зам, Налайх-Чойр чиглэлийн зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны авто замуудтай холбогдож хотын төвөөр дамжин өнгөрдөг транзит тээврийн урсгал саарна гэж мэдээлээд байгаа юм.

Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн есдүгээр сард зарлаж байв.