Уншиж байна ...

3.2 их наяд төгрөгөөр нэгдүгээр тойрог авто замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн хугацааг сунгав

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн есдүгээр сард зарлаж байв.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг хойшлуулж, арванхоёрдугаар сарын 1-н болгожээ.

Нэгдүгээр тойрог зам нь баруунаас зүүн тийш Туулын хурдны замтай нийлэх бөгөөд Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Амгалан зэрэг зургаан дүүргийн дэд төвтэй холбогдох аж.

Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсвийг “Си Эс Си И АйкомКонсалтантс” ХХК ба Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан бөгөөд ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2км туннель, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой, зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарчээ.