Нийслэл хотын авто замын түгжрэлийг 50 орчим хувь бууруулах нэгдүгээр тойрог зам төслийг хэрэгжүүлэх тендерийг зарлах тухай хэвлэлийн хурлын үеэр уг төслийн талаар товч танилцуулав.
Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ербол "Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулсан юм. Долоон сарын хугацаанд гүйцэтгэгч компани болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган долоодугаар сарын 9-нд УИХ-аас тогтоол гарч төслийг бүрэн санхүүжүүлэх, Засгийн газарт төслийг цааш хэрэгжүүлэх эрх олгосон.
Үүнээс хойш EPC+F нөхцөлөөр гэрээний баримт бичгийг боловсруулж, дуусган Үнэлгээний хороо хуралдаж, Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог замыг барих олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж байгаа юм.
Нэгдүгээр тойрог зам нь 24.9 километр урттай, есөн километр гүүрэн байгууламжтай. Монголд анх удаа хоёр километр урт туннель Далан давхрын хойд ууланд баригдана.
24.9 километр тойрог замын 13.6 километр нь хоёр түвшний зам буюу гүүрэн байгууламжтай, бусад нь нэг түвшний зам байх юм. Нэгдүгээр тойрог зам гэрлэн дохиогүй, 80-100км/цагийн хурдтай зорчих боломжтой, нийтийн тээвэр, яван хүний, дугуйн зам, ногоон байгууламжтай байна.
Тендер амжилттай болж, газар чөлөөлөлт болон бусад ажлыг гүйцэтгэх юм бол тойрог замыг 36 сарын хугацаанд барьж дуусгахаар тендерийн бичиг баримтад тусгасан.
Гурван жилийн дотор уг зам баригдчихвал Туулын хурдны замтай холбож, Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50% хүртэл буурахаар тооцоолсон байгаа.
Үүний дараа хоёрдугаар тойрог зам төслийг хэрэгжүүлнэ. ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 70%-тай байна" гэж танилцууллаа.
Төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд "Тойрог зам төсөл хэрэгжсэнээр 14,000 орчим ажлын байр бий болох бөгөөд ажиллах хүчний 80%-ийг дотоодоосоо авна. Эдгээр ажлын байрыг бий болгосноор 36.3 тэрбум төгрөгийн НДШ, 200 тэрбум төгрөгийн НӨАТ, норм, нормативт 7.5 тэрбум төгрөг төвлөрөх эдийн засгийн үр өгөөжтэй.
Нэгдүгээр тойрог замыг барих 918 сая ам.доллар гаднаас хөрөнгө оруулалт болж орж ирснээр ДНБ-ийн өсөлт дээшлэх үзүүлэлттэй гэж тооцоолсон" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!