Улаанбаатар хотын Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ тухай НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Өнөөдөр бэлгэшээлтэй сайн өдөр байгаа. Энэ өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог авто зам төслийн олон улсад нээлттэй, EPC+F буюу зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, санхүүжилтийг гүйцэтгэгч компани өөрөө санал болгох нөхцөлтэй, нэг багц тендерийг зарлахад бэлэн боллоо.
Нэгдүгээр тойрог авто зам нь 24.8 километр урт, үндсэн зам нь зургаан эгнээтэй, туслах замууд 2-4 эгнээтэй, гэрлэн дохиогүй, долоон орц, гарцтай, төвийн зургаан дүүргийг дамжин өнгөрч зогсолтгүй, хурдан явах зориулалттай.
НЗДТГ-аас тус төслийн баримт бичгийг боловсруулах ажлыг санхүүжүүлэн батлуулж наадмын өмнө УИХ-аас Засгийн газрын баталгаа авсан юм. Авто замыг барих нийт төсөвт өртөг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөг.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50% хүртэл бууруулах уг төслийг анх удаа төсвийн мөнгөөр бус, Засгийн газрын баталгаанд үндэслэн гүйцэтгэгч компани санхүүжилтийг гаргаж, хэрэгжүүлэх юм.
Монгол Улс шиг хөгжиж буй орнууд төсвийн хөрөнгө оруулалтаар том бүтээн байгуулалтыг гүйцэтгэх нь хүндрэлтэй тул дээрх нөхцөлөөр олон улсын тендерийг зарлаж байна" гэж мэдээллээ.
Нэгдүгээр тойрог замын Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг/ТЭЗҮ/ БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн хамтран боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!