Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж байгааг мэдэгдэж, хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
Энэ үеэр замын бүтцийн талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Туулын хурдны замыг барих гүйцэтгэгч шалгарч барилгын ажил эхэлсэн бол уг хурдны замтай нийлэх нэгдүгээр тойрог замыг барих тендерийг зарлаад байна.
Нэгдүгээр тойрог зам нь баруунаас зүүн тийш Туулын хурдны замтай нийлэх бөгөөд Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Амгалан зэрэг зургаан дүүргийн дэд төвтэй холбогдоно.
24.7 километр урт тойрог зам нь түгжрэлийг бууруулах төслүүдийн нэг юм. Хоёр километр урт туннелэн байгууламжтай. Нэгдүгээр тойрог замыг барихад хамгийн их буюу 3,000 гаруй газрыг чөлөөлнө. Газар чөлөөлөлтөд зардал их гарна. Тус зам нь дэд төвүүдтэй холбогдох учир түгжрэлийг 35%, Туулын хурдны замтай холбогдохоор хотын төв орчмын авто замын түгжрэлийг 50% бууруулах ТЭЗҮ-тэй.
Туулын хурдны замаар голчлон транзит тээвэр зорчих зориулалттай" гэж мэдээллээ.
Нэгдүгээр тойрог зам төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн хэмжээнд хатуу хучилттай авто замын сүлжээ 13,679 км-ээр, төмөрбетон гүүрийн хүчин чадал 9,034 урт/м-ээр нэмэгдэж, Монгол Улсад анх удаа 2.08 км туннелийн байгууламж баригдах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!