Хотын баруун, зүүн хэсэгт баригдах хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулах явц 95 хувьд хүрчээ
Улаанбаатар хотын захын бүсүүдийг хооронд нь холбох нэг болон хоёрдугаар тойрог нийт урт 50 гаруй километр урт авто замыг барихаар болоод буй.
Үүнээс хоёрдугаар тойрог зам нь 21.6 километр байхаар төлөвлөгдсөн бөгөөд маршрутын баруун чиглэл нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай нийлнэ.
Харин зүүн чиглэл нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэстээ Туулын хурдны замтай огтлолцоно.
Хоёрдугаар тойрог зам төслийн урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХХК боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв.
Уг замын трассыг сонгохдоо инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашиг, хот төлөвлөлтийн урт хугацааны бодлогыг харгалзан үзсэн аж. Тухайлбал байгалийн нөөц газар, чийглэг бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг “улаан шугам”-ыг тойрч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөжээ.
Мөн хог хаягдал бүхий цэг, ашиглагдаагүй хуучин коридоруудыг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт гаргахын зэрэгцээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хэсгүүдийг дэд бүтцээр дамжуулан сэргээх боломжийг тусгажээ.
Харин нэгдүгээр тойрог замыг барих тендерийг зарлаад байгаа билээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
