Энэ Бямба гарагийн 12:00-15:00 цагт “Хатан туулаа хамгаалъя” бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн Төв талбайд болно гэв

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг хүргүүллээ. 

Мөн тэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу энэ Бямба гарагт Сүхбаатарын талбай дээр 12:00-15:00 цагийн хооронд бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах юм байна. 

Тус шаардлагын агуулгыг товчлон хүргэвэл: 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхд

Туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжвэл тус голын эко систем, Нийслэлийн ундны эх үүсвэр, Улаанбаатарчууд болон голын ай сав дагуух таван аймгийн ард иргэдийн амьдрах орчинд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд түгжрэл бууруулах эсэх нь тодорхойгүй. Нийгэм эдийн засгийн ач холбогдол багатай. Төсвийн үргүй зардал болох төсөл гэж салбарын мэргэжилтнүүд үзсэн. 

Иймд:

1. Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн хуралдаанаар Туулын хурдны зам төсөл нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй эсэхийг хэлэлцэх. Төслийн ажлыг нэн даруй зогсоох, 

2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардаж, шаардлагын хариуг долоо хоногийн дотор эргэж мэдэгдэх. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд

  1. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж олон нийтийг турхирсан. 
  2. Х.Нямбаатар нь хүний эрхийн зөрчил үүсгэж зүй бус харьцаа гаргасан. 
  3. Төсвийг хаалттай үр ашиггүй зарцуулсан. 
  4. Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн.
  5. Уг төсөлдөө иргэдийн оролцоог хангаагүй
  6. Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн. 

Дээрх үндэслэлийн дагуу дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд та доод шатны засаг даргатай байгуулсан гэрээг дүгнэх, хариуцлага тооцох бүрэн эрхийнхээ дагуу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож огцруулах. 
  2. Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн үнэлгээ, нийгэм соёлын нөлөөллийн үнэлгээ ба бусад холбогдох бичиг баримтуудыг олон нийтэд ил болгох. 
  3. Туулын хурдны зам төсөлд байгаль орчны болон санхүүгийн аудит оруулах. Сангийн яамнаас хяналт шалгалт хийх. 
  4. Төслийн нийгэм эдийн засгийн үр өгөөжийг ЗГ-ын хуралдаанаар авч хэлэлцэх, холбогдох тогтоолын төслийг УИХ-д танилцуулах. 

Шаардлагын хариуг долоо хоногийн дотор мэдэгдэх. Хэрэв хариуг заасан хугацаанд өгөхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээнд шилжинэ. 

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөн 2026.04.02 

Түүнчлэн "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус талбар болон UIH.MN сайт дээр иргэний үүсгэсэн хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан цахим өргөдөлд өнөөдрийн байдлаар 31,000 хүн гарын үсэг цуглажээ.