"Хог хаягдлаа бууруулсан иргэн, ААН-д үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлдэг болно"
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг боловсруулжээ.
Мастер төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдалд бүрэн дүн шинжилгээ хийж, хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой байна.
- Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн системийг өөрчлөн бохирдуулагч нь хаягдлыг үүсгэсэн хэмжээгээр төлбөр төлөх зарчмаар цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн дэмжлэг, татаасыг бууруулан чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх
- Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилсан, үүсгэж байгаа хаягдлаа бууруулсан иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлэх
- Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хувийн оролцоог нэмэгдүүлэх
- Чөлөөт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх
- Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйл ажиллагааг дэмжих
- Хууль, эрх зүйн орчныг сайжруулан төвлөрсөн цэг, ландфиллд булшлан устгаж байгаа хог хаягдлын хэмжээг эрс бууруулан хог хаягдлаас үүсдэг хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах юм.
Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн ам ойролцоогоор 17-19 хувиар өссөн. Жилээс жилд хүн ам өсөж үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ, нэр төрөл нэмэгдэж, 2025 оны байдлаар төвлөрсөн цэгт нийт 2,057,886.0 тонн хог хаягдал хүлээн авч, дарж булшлах аргаар устгажээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
