Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга болох хүн 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гээд өрсөлдөөд байна
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцүүлэггүй шууд санал хураалтаар томилох нь буруу гэдэг байр суурийг илэрхийлсэн учраас нэг хоногийн завсарлага авсан.
МАН-ын бүлэг доторх цөөнх буюу Д.Амарбаясгалан тэргүүтэй 30 гишүүний С.Амарсайханыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх сонирхолтой байсан. Гэвч нөгөө талаас С.Бямбацогтыг дэмжүүлж, С.Амарсайхан нэрээ татсан гэдэг мэдээлэл тараасан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын даргын томилгоо дээр зарчмын байр сууриа барих ёстой. Таван намтай 126 гишүүнтэй парламенттай болсноос хойш хоёр УИХ-ын дарга огцорлоо.
Огцорсон шалтгаан бол аль аль нь нэг намыг төлөөлөөд УИХ-ын хуралдааныг улс төрийн зорилгоор удирдаад байна гэсэн асуудал байсан. Бид сонгодог парламентын засаглалын зарчим руу явах нь зүйтэй.
УИХ-ын дарга болох 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэдэг өнцгөөс өрсөлдөөд гацаад байна. Ингэвэл гурав дахь УИХ-ын дарга дахиад огцорно. УИХ-ын даргын албан тушаал дээрээс ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хийнэ гэдэг бол таван намд тэгш бус хандана гэсэн үг. Улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлээд дараагийнхаа хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд нам бус болгоод хуралдаан зохион байгуулдаг зүйл рүү нь яваасай.
Үүнийг 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг оруулж байхад Г.Занданшатар даргад би хэлж байсан боловч сонгууль дөхчихсөн. УИХ-ын даргад нэр дэвшиж буй хүмүүс шуналаа жаахан хойш нь татаад болзошгүй эрсдэлээс гарахын тулд нам бус, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, аль нэг намын бүлгээс чиглэл авдаггүй хүн байх ёстой. Ингэж байж таван нам итгэнэ.
Засгийн газрыг бүрдүүлэх нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд бүтэц томилгоогоо хэрхэн хийхээс хамаарч хэр удаан засаглах нь хамаардаг. Миний хувьд дөрвөн жил ажиллахдаа нэлээд сорилтыг даван туулсан.
Н.Учрал намын дарга, Ерөнхий сайдын хувьд 38, 30 гэдэг зүйл байх ёсгүй, бусад намтай хамтран ажиллах боломжтой. Н.Учрал өөрийнхөөрөө байж чадвал олон зүйлийг шийдсэн түүхэн Ерөнхий сайд байна. Өөрийнхөө байж чадахгүй бол утсан хүүхэлдэй болоод нийгмийн дэмжлэгээ алдаад өөрийн түүхийг сүйдэлнэ.
Н.Энхбаяр дарга олонхоо бүрдүүлчхээд цөөнхтэй хамтраад байна гээд хамтарсан Засгийн газрыг унагаасан. Үүний дараа гарч ирсэн Засгийн газар явж байсан бүх зүйлээ шүүмжилсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
