Ираны хамгийн өндөр гүүрийг устгаснаа АНУ-ын ерөнхийлөгч Трамп зарлалаа

Т.Давааням, ikon.mn
1 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираныг “чулуун зэвсгийн үед нь буцаана” гэж сүрдүүлснээсээ хойш хэдхэн цагийн дараа тус улсын хамгийн өндөр гүүрийг устгаснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ.

Тэрбээр нийслэл Тегеран хотоос баруун өмнө зүгт 35 км зайд оршдог Караж хотын B1 гүүрнээс утаа гарч байгааг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Ингэхдээ Трамп таван долоо хоног үргэлжилж буй дайныг дуусгах зорилгоор яриа хэлэлцээний ширээнд суухгүй бол ийм сүйрэл цаашид үргэлжлэхийг Ираны эрх баригчдад анхааруулжээ.

“Ираны хамгийн том гүүр нурж, дахин хэзээ ч ашиглагдахгүй болж байна. Цаашид ч их зүйл болно! ИРАН ХЭТЭРХИЙ ОРОЙТОХООСОО ӨМНӨ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЦАГ БОЛСОН. ҮГҮЙ БОЛ ЦААШИД ХӨГЖИХӨД ХЭРЭГТЭЙ ЮУ Ч ҮЛДЭХГҮЙ БОЛНО!” гэж тэр анхааруулсан бичсэн байна.

Ираны төв телевиз өмнө нь АНУ, Израилийн зэвсэгт хүчин уг гүүрэнд хоёр удаа довтолсныг мэдээлж байжээ.

“Хэдхэн минутын өмнө Америк-Сионист дайснууд Караж хотын B1 гүүрийг дахин ониллоо” гэж уг мэдээнд өгүүлээд эхний цохилтын үеэр энгийн хоёр иргэн амиа алдсаныг дурдсан байна.

Эхний цохилтын дараа анхны тусламжийн баг гүүрэн дээр очоод байх үед дараагийн цохилт болсон гэнэ.

Одоог хүртэл барилгын ажил нь бүрэн дуусаагүй байгаа B1 гүүр бол 136 метр өндөр багануудтай бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогддог.

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандаж үг хэлэхдээ хоёрдугаар сарын 28-ны өдөр эхлүүлсэн дайн нь дуусахад тун ойрхон байгааг мэдэгдсэн. Тэрбээр ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд Иранд өгөх цохилтоо эрчимжүүлж, цөмийн зэвсэг бүтээх чадваргүй болгосныхоо дараа уг дайныг дуусгахаа амласан юм.

 

Эх сурвалж: Reuters