Ахмадын амралт, сувиллын төвийн барилгыг нийслэлийн өмчид өгчээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгчээ.

Энэ тухай “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өдөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна. Үргэлжлүүлэн хашаанд нь мод, зүлэг тарьж, ногоон байгууламж хийнэ” гэв.

Нийслэлээс үргэлжлүүлэн энэ хашаанд ногоон байгууламж бүхий тохижилт хийж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн хажууд спортын төв барихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлэх төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээж байгаа аж.

Дөрөвдүгээр сард гүйцэтгэгчийг шалгаруулах “Трамвай” төслийн эцсийн буудал ахмадын төвийн ойролцоо автобусны буудлын хойно байрлах бөгөөд шинэ нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор тус төвд ахмадууд, илүү хялбар, хурдан ирэх боломжтой болох гэнэ.