Б.Мөнхтамир: Бензин авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэж байгаа асуудал гарч байна

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд 264 Шатахуун Түгээх Станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаагаас 120 орчим ШТС шатахууныг хэвийн олгож байгааг мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас буюу Ангарскийн үйлдвэрээс энэ сарын 24, 25-нд орж ирсэн шатахууны ачилт бүрэн хийгдсэн.

Тодруулбал нийт 76 вагон автобензин зөвхөн Ангарскаас орж ирснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэллээ. 

Түүнчлэн БНХАУ-аас орж ирэх 8,000 тонн автобензиний эхний 3,000 тонн нь Эрээн, Замын-Үүд боомтоор орж ирж байна. Үүний араас 20 вагон өнөө шөнөдөө орж ирэхээр байгааг хэллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асран хамгаалагчид нь шатахууныг дараалалгүй олгож эхэлсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд хуурамч бичиг баримт үзүүлж, оочер дараалал дайрах асуудал гарч байгааг хэллээ. 

Энэ талаар "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалагч нарт оочер дараалалгүй бензин олгохгүй бол тухайн хүмүүсийн онцлогтой холбогдуулан асуудлууд үүсэж байна. Хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг ААН-үүдэд удаа дараа тавьж байгаа.

Үүний хажуугаар олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх, сошиал хаягуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хуурамч үнэмлэх зарах зэрэг сөрөг нөлөөлөл гарч байна.

И-Монголиа цахим системд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийн үнэмлэх нь байдаг учраас ААН-үүдээс гаргасан саналын дагуу давхар И-Монголиа системийг шалгаж байна.

Сайны хажуугаар саар гэгчээр урдуур нь оочер авах зорилгоор хуурамч үйл ажиллагаа явуулж буй газруудыг хуулийн байгууллагаар шалгуулна. Үүнийг Монополын эсрэг газрын ажлын хэсэг давхар шалгана" гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэллээ.