Б.Мөнхтамир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүйгээр шатахуун олгохыг аж ахуйн нэгжүүдэд сануулсан
Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ өссөн ч арваннэгдүгээр сарын мэдээлэл нь хараахан ирж амжаагүй байна. Урьдчилсан байдлаар нийт захиалгын тоо өсөх магадлалтай. Үнийн хэмжээ бага зэрэг буурах магадлалтай байгаа.
Зөвхөн ОХУ-аас импортолж байгаа шатахууны хэмжээ Монгол Улсын нэг сарын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа тул үлдэгдлийг нь БНХАУ болон гуравдагч улс орнуудаас худалдаж авахаар ажиллаж буй.
Үүний хүрээнд БНСУ-ын талаас шатахуун худалдаж авах гэрээ байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжид манай компаниуд БНХАУ-ын нутгаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөсөн. Энэ сард хийсэн захиалга буюу 12,000 тонн АИ92 шатахууныг ирэх сарын эхээр хүлээж авах болов уу. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан гуравдагч орнуудаас авах шатахууны хэмжээг нэмэхээр хичээж байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын төмөр замыг завсарлах ажил явагдсан тул манайд орж ирэх шатахууны тээвэрлэлтэд саатал гарч, улмаар хомсдол нэмэгдсэн. Мөн зарим нутагт цас их орсонтой холбоотойгоор тээвэрлэлтийн эрчим саарсан.
Үүнтэй холбоотойгоор төв магистраль шугамын дагуу байгаа шатахуун түгээх станцын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Мөн ээлж солих хугацааг ажил эхлэх болон дуусах цагаар бус 11:00 цагаас хийлгэхээр шатахуун түгээх станцуудад үүрэг өгсөн.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хуульд заасан 43.1.3 дугаар заалтыг хэрэгжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд санууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асран хамгаалагчид нь дараалалгүй олгох асуудлыг цагдаагийн ерөнхий газраас хянана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
