Далайн аяллын тансаг хөлөг шатахууны үнэ өссөний улмаас замдаа зогсож, зорчигчдоо Камбож улсад гацаажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийг тойрох олон жилийн аялалд гарсан тансаг ангиллын хөлөг онгоц шатахууны үнэ хэт өссөний улмаас замдаа үйл ажиллагаагаа зогсоож, зорчигчдоо Камбож улсад буулгасан байна.

"Villa Vie Odyssey" хөлөг онгоцыг эзэмшдэг АНУ-д төвтэй компани зорчигчдыг хөлөг онгоцноос буулгах төлөвлөгөө болон "түр хугацаагаар байрлуулах нөхцөл"-ийн талаар тэдэнтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Хөлөг онгоцонд яг хэдэн хүн байгаа нь тодорхойгүй ч 200 орчим метр урттай уг хөлөг 650 хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү хөлөг онгоц 2024 оны аравдугаар сард Белфаст хотоос "дэлхийг тойрох тасралтгүй аялал"-д гарсан байна.

Энэ оны эхээр Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий даяар шатахууны үнэ огцом өссөн. Хөлөг онгоцны компанийн мэдээлснээр Азийн зарим бүс нутагт нэг бүхээгт (өрөө) ногдох сарын шатахууны зардал $1,800-аас $8,000 хүртэл өссөн байна.

"Villa Vie Residences" компани "шатахуун зарцуулалтыг бууруулахын тулд аяллын хурдыг сааруулж, боомтуудад илүү удаан хугацаагаар зогсох зэрэг дорвитой арга хэмжээнүүдийг авсан" талаар мэдэгджээ. Гэвч эдгээр арга хэмжээнүүд нь "шатахууны үнийн хэт өсөлтийг нөхөхөд" хангалтгүй байсан гэнэ.

"Шатахууны үнийн өсөлтийг бүхэлд нь зорчигчдод үүрүүлэхийг бодит шийдэл биш гэж үзэж байна" гэж тус компани мэдэгджээ.

Тиймээс тус компани ирэх 60 хоногийг "бүтцээ өөрчлөх, хөрөнгө оруулалт дахин татах"-ад зарцуулах бөгөөд гэхдээ "ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй" байгааг учирласан байна.

Камбожийн Сиануквилль боомт хотод зорчигчдод хөлөг онгоцноос буух заавар өгөх үед тэнд 200 орчим зорчигч байсан гэх мэдээлэл байна. Сиануквилль өмнө нь нам гүм далайн эргийн хот байсан бол сүүлийн жилүүдэд Хятадын казино, залилангийн төвүүдийн гол цэг болж, дэлхий дахинд таагүй нэр хүндтэй болжээ.

Компанийн цахим хуудсанд мэдээлснээр "Villa Vie Odyssey"-ийн аялал 3.5 жил үргэлжилж, 150 орчим орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй байв.

Хөлөг онгоцыг засварлах шаардлага гарсны улмаас аялал эхлэх хугацаа хойшилж, зорчигчид Белфаст хотод олон сарын турш гацсан нь тус компанид олон сая долларын алдагдал учруулж байжээ.

Тус хөлөг онгоц дэлхийг тойрох аяллаа эхлүүлээд 750 гаруй хоногийн дараа буюу Мягмар гарагт аяллаа зогсоож байгаагаа зарласан нь зорчигчдыг Камбож улсад гацахад хүргэсэн юм.

Зарим зорчигчид хөлөг онгоцноос бууж, хуурай газраар цааш аялахаар шийдсэн байна. Харин зарим зорчигчид хөлөг онгоцоо удахгүй дахин хөдөлнө гэдэгт найдан Камбож улсад үлдэхээр шийдсэн гэнэ.

Зорчигчид "Villa Vie Odyssey” хөлгөөр аялж байх хугацаандаа хэд хэдэн баар, ресторан, усан сан, спортын талбай ашиглах боломжтой байжээ.

Хөлөг онгоцны бүхээгүүдийг (өрөөнүүдийг) бүрмөсөн худалдан авах үнэ $120,000-аас $440,000-ын хооронд хэлбэлздэг.

Мөн эдгээр өрөөг сард $3,500-оос эхлэх үнээр түрээслэх боломжтой байжээ.

Өнгөрсөн жил тус компани хүмүүст тэтгэврийн насаа далайд өнгөрүүлэх боломж олгох "насан туршийн оршин суух" хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

2024 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш хэдхэн хоногийн дараа "Villa Vie Residences" компани дөрвөн жилийн хугацаатай "Skip Forward" багцыг танилцуулж байжээ.

Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал Fox Business сувагт өгсөн ярилцлагадаа үүнийг "сонгуульд тодорхой нэр дэвшигч ялбал улс орноо орхин явахаар төлөвлөж байсан хүмүүст зориулсан төгс бүтээгдэхүүн" хэмээн онцолж байв.

 

Эх сурвалж: BBC