Apple компани өөрийн анхны “touchscreen” бүхий MacBook зөөврийн компьютерыг танилцууллаа
Нэгэн үе хуруу мэдрэгчтэй дэлгэц бүхий зөөврийн компьютерын санааг элэглэн шоолж байсан Apple компани Лхагва гарагт өөрийн анхны ийм дэлгэцтэй MacBook Pro бүтээгдэхүүнийг танилцуулжээ.
“PROLED XDR Display” хэмээх дэлгэцтэй уг зөөврийн компьютер нь тус компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын ажлаа авснаас хойших хоёр сарын хугацаанд танилцуулсан цуврал бүтээгдэхүүнүүдийн үргэлжлэл болж байна.
Өмнө нь Apple компани iPhone Duo, HomeView зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүд танилцуулаад байгаа.
Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр худалдаанд гарах шинэ MacBook Pro нь 14 ба 16 инчийн хувилбартай, Apple-ийн зохион бүтээсэн M5 Pro, эсвэл M5 Max чиптэй байх гэнэ.
Жижиг хувилбар нь $2,899-ээс, том нь $3,399-өөс эхлэх үнээр худалдаалагдах юм байна.
Шинэ бүтээгдэхүүн нь график дизайн, хөгжмийн уран бүтээлчид, аппликэйшн хөгжүүлэгчдийн хэрэглээнд тохиромжтой гэж үзэж байгаагаа Apple илэрхийлжээ.
Түүнчлэн одоо байгаа ихэнх аппликэйшн хуруу мэдрэгчийг хулганатай ижил гэж ойлгох тул ийм дэлгэцтэй шууд зохицон ажиллах боломжтой байх гэнэ.
Хуруу мэдрэгч бүхий дэлгэцтэй зөөврийн компьютерууд зах зээлд анх гараад арав гаруй жил болж байгаа.
Майкрософт компани 2012 онд Windows 8 үйлдлийн системээ гаргасан нь энэ салбарын хөгжилд томоохон түлхэц болсон юм.
2013 онд тухайн үеийн Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк ийм бүтээгдэхүүн гаргагчдыг шоолж, “Манай өрсөлдөгчид төөрөгдөлд орсон байна. Тэд PC-ийг таблет, таблетыг PC болгохыг оролдож байна. Цаашдаа юу хийхийг нь таашгүй” хэмээн шүүмжилж байжээ.
Эхэн үедээ үнэхээр мэдрэгчтэй дэлгэцтэй компьютерууд алдаа мадаг ихтэй байсан ч явцын дунд сайжирсан юм.
Гэхдээ Apple компанийн хувьд зарим шийдлийг хоцорч нэвтрүүлдэг ч үүнийгээ илүү чанартай бүтээснээр хэрэглэгчдийн дунд түгээмэл бүтээгдэхүүн болгож чаддагаараа алдартай билээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
