"Роснефть үйлдвэрээс арваннэгдүгээр сард 69,500 тонн шатахуун нийлүүлэхээр урьдчилсан мэдээ ирж байна"
Шатахууны шуурхай штабын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир болон ААН-ийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэлэхдээ "ОХУ-ын төмөр зам дээр засвар гарсантай холбоотойгоор хоёр хоногийн хугацаанд зогссон. Улмаар бензиний хомсдолын шок олон нийтийн дунд үүсэж, ачааллыг хиймлээр ихэсгэх тохиолдлууд гарч байна.
Үүнд хариуцлагатай мэдэгдэл хийхэд одоогийн байдлаар Монгол Улсад бензин тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй.
Өдөр тутам тогтмол захиалгын дагуу вагон орж ирж байна. Өчигдөр, өнөөдөр нийт 150 орчим вагон орж ирсэн бөгөөд түгээлтээ хийгээд явж байна. Шатахуун түгээх станцуудад түгээлт хэвийн үргэлжилж байгаа. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн хомсдолтой холбоотойгоор иргэдийн дараалалд зогсох оочер буурахгүй байна.
Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны бие бүрэлдэхүүн, Ашигт малтмал, газрын тосны газрынхан, Монополын эсрэг газар, НЗДТГ-ын байцаагч нар өнгөрсөн өдрүүдэд бүх ШТС-д хяналт шалгалт хийсэн" гэлээ.
"Хэвийн үед Монгол Улс сардаа 70,000-75,000 тонн шатахуун хэрэглэдэг"
Үргэлжлүүлэн "Ойрын нэг, хоёр өдрийн хугацаанд шатахууны түгээлт хэвийн болж, бага зэрэг нөөцлөх хэмжээ үүсэхээр байна. Ирэх долоо хоногоос арваннэгдүгээр сарын захиалгуудыг хийнэ.
Хэвийн үед Монгол Улс сардаа 70,000-75,000 тонн шатахуун хэрэглэдэг. Арваннэгдүгээр сард 92,000 тонныг захиална гэдэг нь хэвийн үеийнхтэй нийцэхээр байна.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар Монополын эсрэг газраар ахлуулсан НЗДТГ-ын байцаагч нар, АҮЭБЯ-ны албан ёсны байцаагч нар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газрын байцаагч нар, Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнууд нийлсэн хяналт шалгалт буюу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нэг ажлын хэсэг нэмж гарлаа.
Энэ ажлын хэсэг өнөөдөр шууд ажилдаа орж, ШТС-уудад зохицуулалт хийнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай 43.1.3 дахь заалтыг ААН-үүд хэрэгжүүлж байна уу, үгүй юу, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн систем дээр шатахуун олгож байгаа эсэх болон шатахуун дууссан мэдээллийг үнэн зөв оруулж байгаа, үгүйд хяналт тавьж, зүгшрүүлнэ.
АМГТГ-аас хэрэгжүүлж байгаа систем арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд автоматжаад эхэлнэ. ААН-үүдийн орлого болон бензиний мэдээллийг автоматаар системээр дамжуулан олгож эхэлнэ. Benzin.mn сайтын мэдээлэл нээлттэй болж, аль ШТС-д шатахуун олгож байгаа эсэх нь харагдах боломжтой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

