"Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Төв аймагт түргэн тусламжийн автомашин дахин ашиглах төсөл хэрэгжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2026 онд “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Төв аймагт түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-д 131,767 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд өчигдөр Элчин сайд М.Игавахара болон аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашины хүрэлцээ хангалтгүй байгааг, тэр дундаа зориулалтын түргэн тусламжийн автомашингүй эрүүл мэндийн төвүүд ч байгааг онцлон дурдав. Тэрээр энэхүү төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Мөн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймгийн боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Япон улсын Засгийн газар болон ард түмэнд аймгийн нийт иргэдээ төлөөлөн чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийн зэрэгцээ энэхүү төсөл хэрэгжсэнээр тус эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү төслийн хүрээнд түргэн тусламжийн автомашины хэрэгцээ, шаардлага өндөр байгаа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Лүн, Алтанбулаг, Цээл сумдын Эрүүл мэндийн төвүүдэд Япон Улсад ашиглаж байсан түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөх юм. Үүний үр дүнд дээрх эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн автомашины хүрэлцээ, хангамж сайжирч, иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш 36 дахь жилдээ “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 633 дахь, Төв аймагт хэрэгжих 26 дахь төсөл юм.

зураг