Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаадаг асуудлаар АН Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах санал гаргав
Ардчилсан Нам(АН)-ын 4/11 мэдээллийн цагаар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг 2022 онд цуцалсан байхад шүүхийн практикт үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах санал гаргаж байгаагаа танилцуулав.
Энэ талаар Улсын Их Хурал(УИХ) дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин "Монгол Улс хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгодог. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан.
Аль ч хуулиар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ олгогдоогүй байхад олон зуун хэргийг, зарим хэргийг дахин дахин буцаасаар байгаа нь Монгол Улсад эрх зүйт төрийн суурь зарчим алдагдаж байгааг илтгэж байна. Үүний бодит жишээ нь Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэг. Энэ хэрэг 2022 оны сүүлээр шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн шат дамжлагад хэлэлцэгдэж дөрөв дэх жилдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.
Хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээг шүүхийн практикаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хууль тогтоох, хуульд захирагдах Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ УИХ дахь АН-ын Бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа асуудлаар 2022 онд баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хүний шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсаар найм, 10 жил явдаг болсон. Хугацаа хэмжигдэхгүй болж байна. Шударгаар шүүлгэх гэдэг агуулга эвдэгдсэн. Шүүх өөрөө шүүх байж чадахаа байсан.
Шүүхээс хэрэг маргааныг буцаадаг нь шүүх аль эрт шүүх биш, яллагч болж хувирсны шинж. Төвийг сахиж, нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцээнд үндэслэн үйл баримтыг нотлох биш, өөрөө урьдчилаад итгэл үнэмшилтэй болоод түүнийгээ нотлохын тулд "та нар үүнийг гүйцээгээд ирээч" гэж тулгадаг болсныг шүүгч биш яллагч гэж хэлдэг.
Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэж заасан. Гэтэл захирагдах ёстой хуулиа өөрсдөө тогтоодог болсон шиг байна" гэв.
Сэтгүүлч "Энэ нь тогтолцооны асуудал биш үү" гэж асуухад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Шүүх гэдэг систем бол процессын тухай юм. Энэ процесст чиг үүрэг хэрэгжүүлж буй гол оролцогч нь шүүгч. Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, гагцхүү хуульд захирагдана гэсэн. Шүүх байгууллагын тухай яриагүй. Тэнд сууж буй өөртөө итгэл үнэмшилтэй байгаа мэргэжлийн хуульчийн тухай юм.
Шүүгч нар хуульд үнэнч байх чиг үүрэгтээ хэр зоригтой, итгэл үнэмшилтэй байгаа тухай юм. Улс төрийн дарамт, мөнгөний шахалт, олон нийтийн санаа бодлын салхинд автаад мэргэжилдээ үнэнч байх зарчмаас ухарч, эрх мэдэлтний нөлөөгөөр уг албан тушаалд байгаа гэж бууж өгөөд ийм шийдвэр гаргаад байна уу гэдэг хардалт байна. Нэг маш том мөнгөний давлагаанд худалдагдсан шүүгч нар дотроо хуулиар жонглёрдоод байна уу гэдэг эргэлзээ байна. Эсвэл цагаан дээр хараар бичсэн хуулиа биш, нийтийн сүлжээнд байгаа сэтгэл хөдлөлийг мэдэрч шийдвэр гаргаж байгаа бол хараат бусаар ажиллаж байгаа шүүгч гэж үзэхгүй" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
