Б.Батбаатар: Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад намын гишүүнчлэлээс татгалз гэхэд "татгалзлаа гээд яах вэ дээ, би намдаа үлдэнэ" гэж байсан
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийг баталснаар Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намынхаа гишүүнчлэлээс түдгэлзэх зохицуулалт оруулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Өөр дуу хоолойг нээнэ гэж байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр өөр дуу хоолой бүрэн нээгдэхгүй юм байна. МАН, АН-ын бүлгийн төлөөллүүд хоорондоо уулзаад энэ хуулийн батална гэж байна. Бусад намтай ярилцаагүй, санал асуугаагүй.
Ц.Нямдорж гуайг УИХ-ын дарга байхад та намын гишүүнчлэлээсээ татгалзаж болохгүй юу гэж нэгдсэн чуулган дээр асууж байхад "татгалзлаа гээд яах уу дээ, би намдаа үлдэнэ" гэж хариулж байсан. Хэрэв сонгодог парламент руугаа явж байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-ыг тараадаг болгож болохгүй юу. Бүлэгт харьяалагдаагүй гишүүд гэж байдаг. 10 гэсэн тоо тавьчихсан, ард түмний төлөөллийн нэг хэсэг нь бүлгийн эрхийг эдэлж чаддаггүй.
УИХ-ын дарга нь нам бус байвал бүлгүүдээс томилогддог дэд дарга нараа нам бус болгох уу. Бүлгийн дэд дарга нараа нам бус болговол яасан юм бэ. Хэрэв парламентын ардчилал хүндэрч байна гэж үзвэл цаашдаа парламентаас ерөнхийлөгчөө сонгодог болгох ёстой юм биш үү. УИХ-ын дарга нам бус байна гэдэгт эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ зөвхөн нэг нөхцөлд зориулж явцуу улс төр хиймээргүй байна.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Бид дарга шүтдэг соёл руу бүгд уралдсан. Саяхан парламентын даргаа хоёр удаа унагаасан шалтгаан нь ердөө энэ. УИХ-ын дарга хийгээд парламентын ардчиллыг манаад сууж байх ёстой хүн нь намын дарга болох гэж оролдоод нэг унасан. Нөгөө нь намын даргынхаа хажуугаар бас нэг намын сэтэр зүүх гэж зүтгээд эцэстээ уналаа.
Парламентын спийкер гэдэг эрх мэдлийн төвлөрөл, даргын шуналгүй байх ёстой юм байна. 126 гишүүнд эрх мэдлийг задалж өгч, тэр хүмүүсийг шийдвэр гаргах хөгжлийн бодлогыг ярилцах боломж олгодог хүн байх ёстой юм байна.
Парламент олонхоороо шийдвэр гаргадаг ч цөөнхөө сонсож чаддаг байх нь гол мөн чанар. Олонхын талд ороод цөөнхийн хуулийг хэлэлцүүлдэггүй, дуу хоолойг нь боомилдог, завсарлага авахаар та нарт энэ болно гэдэг олонхын дур зоргоор ажилладаг биш. Нэг талд ордог парламентын дарга байна гэдэг бол нийгмийн нөгөө талд байдаг шүүмжит дуу хоолойг хязгаарлачих гээд байдгийг үгүй хийх чухал зарчмыг энэ хуулиар оруулж ирж байгаа.
Монгол Улсад намаасаа түдгэлздэг эрх мэдэл ерөнхийлөгчид байгаа. УИХ-ын дарга намаасаа түдгэлзээд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой тэр албан тушаалыг намчин хүн хэрэгжүүлбэл Үндсэн хуулийн хямрал болгоно.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төр цэгцрэх ажил УИХ-ын даргыг сонгох ажилтай зэрэгцээд нам бус байх, улс төржихгүй байх гэдгээс эхэлж байна. Үүнийг дэмжинэ. Гэхдээ би аливаа асуудлыг цогцоор нь бүтнээр нь хардаг баймаар байна. Энэ хуулийг нэг хүнд битгий зориулаасай, хийвэл төгс хийе. Зөвхөн эрхийг хязгаарлаад хаячихдаг, үүрэг, хариуцлага нь байхгүй. Улс төржихгүй намаас түдгэлзээд төвийн байр сууринаас асуудалд хандах ёстой. Эргээд энэ хүн чинь дараагийн ажил амьдралын баталгаа юу байхыг цогцоор нь хийх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
