Францын ерөнхийлөгч “Нухацтай бай…өдөр бүр ярих хэрэггүй” гэж Ираны дайнд хандах Трампын хандлагыг шүүмжилжээ
Пүрэв гарагт Өмнөд Солонгост айлчлан ирсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгчийн Ираны дайнд хандах хандлагыг шүүмжилжээ.
“Энэ бол шоу биш. Бид дайн, энх тайван, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үхэл амьдралын тухай ярьж байна. Асуудалд нухацтай хандахыг хүсэж байвал өдөр бүр өмнөх өдөр ярьсныхаа эсрэг зүйл ярих хэрэггүй. Магадгүй өдөр бүр яриад дэмий байх. Зүгээр л байдлыг намжаах хэрэгтэй” гэж Макрон хэлсэн нь Трампыг чиглэсэн үгс байв.
Франц болон Европын бусад орнууд Ойрх Дорнод дахь АНУ-ын үйл ажиллагааг ерөнхийд нь дэмжиж байсан ч дайнд татагдан орохоос эрс татгалзаж байгаа.
Трамп бас саяхан НАТО-гоос АНУ-ыг гаргах тухай мэдэгдсэн. Макрон энэ талаар “НАТО шиг эвсэл гишүүдийнх нь тэр болгон хэлээд байдаггүй итгэлцлийн ачаар үнэ цэнтэй байдаг юм” гэж мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл тус байгууллагын амлалтад эргэлзэх нь гишүүн орны хувьд утга учиргүй зүйл болохыг тэр ингэж илэрхийлсэн байна.
АНУ, Израилийн дангаараа эхлүүлсэн Ираны эсрэг дайнд оролцох эсэх талаар Макрон “Тэд өөрсдийнхөө шийдвэрээр эхлүүлсэн дайндаа ганцаардаж байгааг одоо харамсан ярьж байна. Энэ бол бидний дайн биш” гэж хэлжээ.
Лхагва гарагт Трамп үдийн зоогийн үеэр Макроныг элэглэн шоолсон утгатай зүйлс ярьж, Ираны дайнд оролцохоос татгалзсан түүнээс “хариугаа авсан” юм.
Тухайлбал тэр Макроны франц аялгатай яриаг дуурайж, гэргий Брижит нь түүнтэй муухай харьцдаг, “алгадуулсан эрүү нь одоо болтол эдгээгүй байгаа” гэх зэргээр хошигносон байна.
Ингэхдээ тэр Брижит онгоцон дотор Макроныг алгадаж байгааг харуулсан 2025 оны дуулиант дүрс бичлэгийг дурджээ.
Энэ талаар сэтгүүлчийн асуултад Макрон боловсон ёсны хэм хэмжээнээс гадуур “Ийм зүйлийн талаар тайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна” гэж хариулсан байна.
Гэр бүлийн харилцаа, хувийн амьдралын талаар Трампын ярьсан зүйл Францын олон нийтийг нэлээд бухимдуулж, шүүмжлэгчид нь хүртэл Макроныг өмгөөлж байлаа.
Үүнээс гадна Ормузын хоолойг нээхэд хүч хэрэглэх тухай Трампын санааг Францын ерөнхийлөгч эрс няцаасан байна. Ингэх нь “бодит бус”, хэтэрхий аюултай шийдэл гэж тэр дүгнэжээ.
“Энэ нь хоолойг гаталж буй хэнийг ч (Ираны) Хувьсгалт Гвардын цохилтын бай болгох аюултай. Тэд их хэмжээний нөөцтэй, бас баллистик пуужин гэх мэт бусад зэвсэгтэй” гэж Макрон энэ талаар хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
