Оросын засгийн газар үйлдвэрлэгчдийн бензин экспортлох үйл ажиллагааг долдугаар сарын 31 хүртэл хориглов

Т.Давааням, ikon.mn
1 цаг 35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Оросын засгийн газар үйлдвэрлэгч бус компаниудын бензиний экспортыг долдугаар сарын 31 хүртэл хориглох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт энэ хоригтоо үйлдвэрлэгч компаниудыг нэмж хамруулах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ засгийн газар хоорондын гэрээтэй Монгол зэрэг цөөн улсын экспортыг хоригийн гадна үлдээсэн байна.

Засгийн газар гаргасан шийдвэрээ Ойрх Дорнодын дайнтай холбоотой дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн улмаас дотоодын бензин түлшний хангамжийг тогтворжуулах зорилготой гэж тайлбарлажээ.

Хэдийгээр уг тайлбарт дурдаагүй ч Украины нисгэгчгүй онгоцны халдлагын нөлөө бас байгаа нь тодорхой байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Украины дронууд Балтийн тэнгисийн Усть-Луга, Приморскийн боомтуудад удаа дараа довтолж, нэлээд хэмжээний хохирол учруулсан.

Ройтерс агентлаг уг цохилтын улмаас Оросын газрын тосны экспортын хүчин чадал 40 орчим хувиар буурсан тооцоог гаргаж байв.

Экспортын хориг, Украины халдлагаас өмнө Орос улс үйлдвэрлэсэн бензинийхээ 10-12 хувийг экспортолж байжээ.

Энэ долоо хоногийн Ням гарагт Орос улс багтдаг ОПЕК+ байгууллагын гишүүн орнууд дэлхийн зах зээлийн тасалдлын үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Тус байгууллага Ираны эсрэг АНУ, Израилийн арми довтолж эхэлсний дараахан буюу гуравдугаар сарын нэгний өдөр хуралдахдаа үйлдвэрлэлийг өдрийн 206,000 баррелиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч байжээ.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин утсаар Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай ярихдаа ОПЕК+ “дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулах” шаардлагатай байгааг онцлон илэрхийлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Moscow Times