Orion хөлгийн $30 саяын өртгөөр бүтсэн жорлонгийн доголдлыг сансрын нисэгчид засварлаж чаджээ
Сарыг чиглэсэн NASA-гийн Orion сансрын хөлгийн аялал эхлэхдээ зарим жижиг бэрхшээлтэй тулгарсны нэг нь жорлонтой холбоотой байжээ.
Азаар уг асуудлыг сансрын нисэгчид богино хугацаанд шийдвэрлэж чадсан байна. “Жорлон ашиглалтад орсныг мэдээлэхэд таатай байна. Шингэн өгөхөөсөө өмнө жорлонг ажиллуулж, шингэн өгснийхөө дараа дахин хэсэгхэн хугацаанд ажиллуулах хэрэгтэй юм байна” гэж хөлгийн баг удирдлагын төвдөө мэдээлжээ.
Энэ удаагийн аялалд $30 саяын өртгөөр бүтээсэн UWMS (Universal Waste Management System) жорлонг анх удаа ашиглаж байгаа юм. Үүнийг сансрын аяллын том дэвшил гэж үнэлдэг.
Сансрын нисэгчдийн эртнээс гомдоллодог байсан жорлонгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд UWMS системийг олон жилийн турш хөгжүүлсэн юм.
50 гаруй жилийн өмнөх анхны сарны аяллын үеэр Apollo багийн гишүүд өмсгөлийнхөө доор байрлуулсан бэлгэвч хэлбэрийн уутанд шингэнээ гаргаж, өгзөгтөө наасан уутанд хүндэрдэг байжээ.
Энэ нь битүүмжийн хувьд найдваргүй байсан бөгөөд сансрын нисэгчдийн нэг нь “агаарт хөвж буй ялгадсыг харсан” тухай тэмдэглэлдээ дурдсан байдаг.
Харин UWMS-ыг нэвтрүүлснээр анх удаа сансрын нисэгчдэд зориулсан бүхээгийг Orion хөлөг дотор суурилуулжээ. Уг бүхээг нь бариултай, хөлийг туших уяа бэхэлгээтэй юм байна.
“Энэхүү жижиг хөлөг дотроо тусгаарлагдсан жорлонтой болсонд бид маш их баяртай байна. Аяллын үеэр ганцаараа байх боломжтой цорын ганц орон зай энэ юм” гэж Канадын сансрын нисэгч Жереми Хансен хөөрөхөөсөө өмнө хийсэн дүрс бичлэгт өгүүлжээ.
Шинэ жорлон нь суултууртай, шингэн болон өтгөн ялгадсыг сорж, тусгай уутанд цуглуулах техниктэй юм. Сорох үйл явц маш их чимээтэй тул хананд нь дуу тусгаарлагч суулгаж, сансрын нисэгчид дотор нь байхдаа чихний хамгаалалт зүүдэг юм байна.
Тойрог замын станц гэх мэт урт хугацааны аялалд бараг бүх шингэн ялгадсыг дахин боловсруулж, ундны ус болгодог болсон.
Харин Artemis II мэтийн богино хугацааны аяллын үед бүх ялгадсыг цуглуулж хуримтлуулаад дэлхийд буцааж авчрах юм байна.
Artemis II хөтөлбөрийн хүрээнд жорлонгийн асуудалд NASA илүү нухацтай хандаж байгаа. Учир нь сар болон сансрын бусад эрхэс рүү удаан хугацаанд аялахад ялгадас нь сансрын нисэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй, бас дэлхийгээс ирсэн бичил биетүүдийн бохирдлоос сансрын уудмыг хамгаалдаг байх ёстой.
“Энэ бол зөвхөн жорлонгийн тухай асуудал биш, сансарт урт удаан хугацаанд амьдрахад шаардлагатай амьдралыг дэмжих бүхэл бүтэн системийн тухай асуудал юм. Хог хаягдлаа зохицуулах чадвартай байх нь маш чухал” гэж Нью-Йорк Хотын Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн түүхийн профессор Дэвид Маннс хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
