NASA дэлхийн тойрог замд байгаа сансрын нисэгчдэдээ сарыг чиглэн нисэх зөвшөөрөл өглөө
NASA өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхийн тойрог замд байгаа дөрвөн сансрын нисэгчдээ сарыг чиглэн нисэх зөвшөөрөл өгсөн байна.
Ингэснээр тэд Orion сансрын хөлгөө дэлхийн тойрог замаас гаргаж, сарны чиглэлд нисгэхийн тулд нэмэлт хөдөлгүүрийг асааж байгаа юм.
Төлөвлөгөөний дагуу Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 7:49 цагт хөдөлгүүрийг 5 минут, 49 секундийн турш асаах бөгөөд ингэсний дараа сарыг чиглэсэн гурав хоногийн аялал эхлэх ажээ. Энэ нь хүн төрөлхтөн 1972 оноос хойш анх удаагаа сарыг чиглэн ниссэн тохиолдол болж байгаа юм.
Orion хөлгийг тээвэрлэсэн аварга том SLS (Space Launch System) пуужин Лхагва гарагт Флорида мужид оршдог Кеннедийн сансрын төвөөс хөөрч байв.
Хөлөгт одоо АНУ-ын Рийд Уайзман, Виктор Гловер, Кристина Кок, Канадын Жереми Хансен нар аялж байгаа.
Тэд нислэгийнхээ эхний хэдэн цагийн хугацаанд тоног төхөөрөмжүүдээ шалгаж, жижиг алдаа доголдлыг засварласныг NASA мэдээлжээ.
Үүнээс хойш тэд хөлгийг дэлхийн өндөр тойрог замд шилжүүлэх гол хөдөлгүүрийг асаасныхаа дараа цөөн хэдэн цаг унтаж амарсан гэнэ.
“Artemis II хөтөлбөрийн сансрын нисэгчид гайхалтай сайн ажиллаж байна. Orion хөлөг ч эллипс хэлбэрийн тойрог замд сайн ажиллаж байна” гэж NASA-гийн захирал Жаред Айсаакмэн сошиал хуудсандаа бичжээ.
Orion хөлөг 2028 онд саран дээр буух дараагийн аяллын замыг нээх зорилгоор нийт 10 хоног аялах бөгөөд ингэхдээ сарыг тойрон эргэх юм.
Хэрвээ аялал төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл дээрх дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд (400,000 км) хүрсэн дээд амжилтыг тогтоох болно.
SLS пуужин болон Orion хөлөг нь анх удаа ашиглагдаж байгаа шинэ техникүүд гэдгээрээ онцлог юм.
SLS пуужингийн хөөргөлтийг анх хоёрдугаар сард төлөвлөж байсан ч техникийн доголдлын улмаас хоёр ч удаа хойшлуулж байв.
Хятад улс 2030 онд саран дээр хүн буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь NASA-г яаравчлахад хүргэсэн юм.
Бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Artemis II хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шахаж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
