С.Бямбацогтыг бүлэг нь дэмжсэн ч чуулганы хуралд олонхын дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй болов

А.Ням-Өлзий, iKon.mn
52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр тогтсон. Уг асуудлыг яг одоо бүлгийн хурлаар хэлэлцэж байна. 

Бүлэг доторх цөөнх буюу Д.Амарбаясгалан тэргүүтэй 30 гишүүний С.Амарсайханыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх сонирхолтой байсан. Гэвч нөгөө талаар С.Бямбацогтыг дэмжүүлж, С.Амарсайхан нэрээ татсан гэдэг мэдээлэл тараасан юм. 

Бүлгийн хурал нь дуусаагүй байхад дээрх асуудлаар зарим гишүүн хэвлэлд байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хэн нэгнийг заавал дарга болгох гээд байгаа юм биш. Намын эв нэгдлийг хангах ёстой. УИХ-ын даргын томилгоонд хүч түрэх юм бол бидний 30 орчим гишүүн Засгийн газарт орж ажиллахгүй. Хэчнээн сайд амласан ч орохгүй. Намын эв нэгдлийг хангаж ажилла гэдэг байр суурьтайгаар гарах шийдвэрийг харзнаж байна. УИХ-ын томилгооноос бүх зүйл харагдана. Бид шинээр сонгогдсон намын даргаа дэмжинэ. Гэвч намын дарга маань өөрөө улс төрийн шийдвэрээ гаргаж чадаж байна уу гэдэг дээр эргэлзэж байна" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Батбаатар "Өнөөдрийн 30 гэж яригдаад байгаа гишүүд намын эв нэгдлийг хангахын төлөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хамгаалж, засаг тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурьтай байсан. Дүр эсгэсэн эв нэгдэл бидэнд хэрэггүй. 

Хоёрдугаарт, УИХ-ын даргын асуудалд Үндсэн хуулийн зарчмаа баримталж гишүүд дотроосоо сонгох нь зөв гэж үзэж байгаа. Монгол Улсын ИХ Хурлын тухай хуульд олонх болсон намаас сонгоно гэсэн байдаг. Гэхдээ УИХ-ын даргыг сонгох эрх нь гишүүдэд байгаа" хэмээв. 

Бүлгийн хурлаар УИХ-ын даргын нэр дэвшүүлэлтийг хэлэлцээд олонхын саналаар дэмжлэг авах ч бүлэг доторх цөөнхийн мэдээллээс харахад чуулганы нэгдсэн хуралдааны босгыг давж чадах эсэх нь эргэлзээтэй байна. 

Хэрэв чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхын дэмжлэг авч чадахгүй бол өөр хүнийг дахин нэр дэвшүүлэх хуулийн заалт бий.