Эпштейний хэргийг хариуцаж байсан гол хүн болох АНУ-ын ерөнхий прокурорыг Трамп огцрууллаа
АНУ-ын ерөнхий прокурор Пэм Бондийг албан тушаалаас нь огцруулж байгааг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэргийн баримтуудын хяналт хангалтгүй байсан, бас өөрийнх нь улс төрийн өрсөлдөгчдийг шийтгэх чиглэлд хангалттай хурдан ажиллаагүйд Трамп нэлээд сэтгэл дундуур байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Трамп сошиал хуудсандаа Бондийг “Аугаа эх оронч, үнэнч найз” гэж магтаад түүнийг хувийн хэвшилд шилжиж ажиллахаар болсныг мэдээлжээ.
Бондийг түүний орлогч, Трампын хувийн өмгөөлөгч асан Тодд Бланш түр орлох юм байна.
Трампын үнэнч холбоотон Бонди ерөнхий прокурорын албан тушаалыг хаших хугацаандаа Эпштейний хэрэгт хамгийн их нэр холбогдож, хуулийн засаглал Цагаан ордноос хараат бус ажилладаг уламжлалыг эвдсэн юм.
Тэрбээр өнгөрсөн сард огцорсон дотоод хэргийн сайд Кристи Ноэмын дараа албан тушаалаасаа огцорсон Трампын багийн хоёр дахь гишүүн болж байна.
Бонди хувийн хэвшилд шилжсэн ч “ерөнхийлөгч Трамп болон түүний засаг захиргааны төлөө тэмцсээр байх болно” гэж мэдэгджээ.
Хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой Конгресст болсон ширүүн хэлэлцүүлэгт Бонди оролцохдоо Трампыг “цээжээрээ хамгаалж” байсан юм.
Бонди 2025 оны хоёрдугаар сард томилогдохдоо Эпштейний хэргийг ил тод болгож, түүний үйлчлүүлэгчдийн жагсаалтыг нийтэд зарлахаа амлаж байжээ.
Гэвч сүүлд тэр ийм жагсаалт гэх зүйл байхгүйг мэдэгдсэн нь олон хүний урмыг хугалсан.
Сүүлд Конгрессын баталсан хуулийн шахалтаар Бонди хэргийн материалуудыг ил болгосон ч зарим баримтуудыг нуун дарагдуулсанд буруутгагдаж байлаа.
Саяхан Конгрессын хяналтын байнгын хороо түүнийг Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголд албан ёсоор дуудсан юм. Уг сонсголыг энэ сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж байжээ.
Бондийн удирдлага дор АНУ-ын хууль зүйн яам Калифорни мужийн сенатор Адам Шифф, Нью-Йоркийн прокурор Летисиа Жэймс, Холбооны Мөрдөх Товчооны захирал асан Жэймс Коми зэрэг Трампын улс төрийн өрсөлдөгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв.
Өнгөрсөн есдүгээр сард Трамп уг үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Бондигоос шаардаж байжээ. “Бид цаашдаа үүнийг хойшлуулж чадахгүй. Энэ нь бидний нэр хүнд, итгэл үнэмшлийг үгүй хийж байна” гэж тухайн үед Трамп сошиал хуудсандаа бичиж байлаа.
Трампын хоёр дахь засаг захиргааны баг эхнийхтэй нь харьцуулахад хамаагүй тогтвортой ажиллаж байсан бол ийнхүү сүүлийн нэг сарын дотор хоёр өндөр албан тушаалтнаа огцруулж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
