Сар руу аялж буй сансрын нисэгчид дэлхийн бөмбөрцгийн гэрэл зургийг хөлгийн цонхоор буулгаснаа бидэнд илгээжээ
Сарыг тойрохоор аялж яваа NASA-гийн Artemis II хөтөлбөрийн сансрын нисэгчид эх дэлхийнхээ гоёмсог гэрэл зургийг Orion хөлгийн цонхоор буулгаснаа бидэнд илгээжээ.
Эхний удаад багийн ахлагч Рийд Вайзмэн хөлгийн цонхоор таллан харагдаж буй дэлхийн бөмбөрцгийн гэрэл зургийг илгээсэн бол хоёр дахь удаад бүтэн гарсан зургийг илгээсэн байна.
АНУ-ын зүүн эргийн цагаар Баасан гарагийн өглөө дөрвөн сансрын нисэгчтэй Orion хөлөг дэлхийгээс 145,000 км зайд хүрээд байжээ. Саранд хүрэхийн тулд тэд дахин 270,000 км зам туулах ёстой.
Orion хөлөг Даваа гарагт дэлхийн дагуулд хүрэх төлөвтэй байна.
Америкийн гурав, Канадын нэг сансрын нисэгчээс бүрдсэн баг сарыг бүтэн тойрсныхоо дараа зогсолтгүйгээр дэлхий рүү буцаж нисэх юм.
Тэд Пүрэв гарагийн орой дэлхийн тойрог замаас гарч, саранд хүрэх аяллаа эхлүүлж байв.
Хамгийн сүүлд 1972 онд Apollo 17 хөлгийн баг саранд хүрч байсан юм.
Хэрвээ 10 орчим хоног үргэлжлэх энэ удаагийн аялал төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг тогтоох болно.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

