Таны сурсан эдийн засгийн ухаан яагаад буруу вэ
Нийтлэлийг Боннын их сургуулийн докторант А.Бат-Оргил бичив.
Дэлхийд эдийн засгийн олон арван дэг сургууль байдаг боловч неоклассик эдийн засгийн дэг сургууль л ганцаар ноёрхжээ. Ноёлчихсон гэдгийн учир нь дэлхийн бараг бүх их сургуульд зөвхөн энэ л эдийн засгийн дэг сургуулиар оюутнуудыг бэлддэг бөгөөд дараа нь Сангийн яам, Төв банк, цаашлаад Дэлхийн банк, ОУВС мэтийн шийдвэр гаргахад байгууллагуудад зөвхөн энэ “үйлдвэр”-ээр орсон хүмүүсийг авдаг байна.
Мөн их сургуульд эдийн засгаар багшлах, томоохон сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлэхийн тулд мөн л “неоклассик дэг сургууль” үйлдвэрээр орсон байхыг шаардана. Энэ мэтээр ‘хаалга сахих (gatekeeping)’ үйл ажиллагааг амжилттай хийсний хүчинд эдийн засгийн олон арван дэг сургууль дотроос неоклассик дэг сургууль дэлхийд ноёлох болжээ. Монголд ч мөн адил.
Неоклассик дэг сургууль гэж юу?
Неоклассик ухааныг үндэслэгч Алфред Маршал, Леон Валрас нар нь "улс төрийн эдийн засаг" байсан нийгмийн салбар ухааныг экономикс болгож нүүрийг нь угаагаад, Физикийн ухаан шиг харагдуулахаар дээл өмсгөчихсөн гээд товчхоноор хэлж болно. Дараа нь тэдний шинэ дээлэн дээр нь "хуурамч нобелийн шагнал" хүртэл зүүгээд өгчихсөн. Хуурамч гэсний учир нь эдийн засгийн нобелийн шагнал нь Нобелийн гэрээслэлд багтаагүй, сүүлд гарсан бөгөөд уг шагналыг Шведийн төв банк санаачилсан. Тийм учраас төв банканд “ээлтэй” эдийн засагчдын шагнал төдий л зүйл, уг нь. Ер нь яагаад сэтгэл судлал, социологи, антропологи, улс төр судлалд нобелийн шагнал байхгүй юм бэ? Яагаад заавал нийгэм/хүмүүнлэгийн маш олон салбараас ганцхан эдийн засаг гэж?
Эдийн засгийн ухаан нь анх 18-р зуунд буюу Адам Смит “Үндэстнүүдийн баялгийн учир шалтгаан, мөн чанарыг тодруулах нь” бүтээлийг хэвлүүлснээр эхэлсэн гэж үздэг байна. Адам Смит нь тухайн үеийнхээ феодалын нийгэмд шинээр төрөн гарч ирж байсан улстөр-эдийн засгийн системийг ажиглаж, өнөөгийн экономиксийн биш, антропологийн гэмээр судалгааг хийж байжээ. Гэхдээ 18-р зууныг хүртэл яагаад эдийн засгийн ухаан төрч гарч ирэхгүй удсан нь сонин. Үүний шалтгааныг Грекийн эдийн засагч Яанис Вараупакис (2002) аж үйлдвэрийн хувьсгалтай холбож тайлбарласан байдаг. Ер нь феодалын нийгэмд язгууртнуудад улс төрийн, эдийн засгийн бүх эрх мэдэл төвлөрсөн байсан бол аж үйлдвэрийн хувьсгал бий болсноор эдийн засгийн эрх мэдэл нь улс төрийн мэдлээсээ салж эхэлсэн байна. Харин уг эдийн засгийн эрх мэдэл нь 1970-иад оны үеэс эдийн засгийн (аж үйлдвэрийн) болон санхүүгийн эрх мэдэл гэж хоёр салжээ. Ингэж салсан нь нэгэн шинэ салбар ухаан төрөн гарах нөхцөл болсон гэж тэрбээр үзсэн.
Адам Смит, Дэвид Рикардогийн Сонгодог эдийн засгийн ухаан төрснөөс бараг 100 жилийн дараа эдийн засгийг шинэ өнцгөөр тайлбарласан гарч ирсэн хүн бол Карл Маркс юм. Маркс баруун европт бий болсон улстөр-эдийн засгийн тогтолцоо буюу капитализмын дотоод зөрчил, эрх мэдлийн тэгш бус харилцааг харуулж чадсан. Марксын Капитал зохиолын 1-р боть нь 1867 онд, түүний амьд сэрүүн байхад хэвлэгджээ. Уг ном хэвлэгдсэнээс гуравхан жилийн дараа нэгэн шинэ Эдийн засгийн ухаан төрөн гарсан нь “Неоклассик эдийн засаг” байлаа. Уг дэг сургууль нь хэдийгээр “Шинэ Сонгодог” гэж нэрлэгдээд, Смит, Рикардогийн уламжлал дээр суурилсан мэт харагдаж байгаа ч үнэн чанартаа бүрэн үгүйсгэж гарч ирсэн.
Неоклассик ухааны эцгүүд болох Маршал, Валрас нарын гол зорилго нь улс төрийн эдийн засгийн ухааныг байгалийн шинжлэх ухаан шиг болгох, тэр дундаа физик, зарим талаар биологитой адилхан болгохыг зорьжээ. Ингэхдээ тэд физикийн ухаанаас олон нэр томьёог зээлсэн. Жишээ нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр (equilibrium) (Вараупакис 2002). Неоклассик эдийн засгийн ухаан төрч гарах болсон гол шалтгаан нь Энэтхэгийн эрдэмтэн Радика Десайгийнхаар бол Капиталын 1-р боть хэвлэгдсэнтэй шууд холбоотой гэнэ. Маркс капиталист нийгмийн харилцаа нь хэрхэн эрх мэдлийн тэгш бус нөхцөлийг бий болгодог гэдгийг дэлгэн харуулсан учир, үүнийг эсэргүүцэж неоклассик эдийн засаг гарчээ. Учир нь неоклассик дэг сургууль нь эдийн засгийн судлагдахууныг хүндийн төвийг эрх мэдлийн тэгш бус харилцаа бус солилцоо (transaction) гэж үзэв. Улс орны эдийн засаг нь мянган мянган хүмүүс, пүүсийн хоорондын чөлөөт солилцоон дээр явагддаг. Нэгэнт чөлөөт солилцоо учир тэнд эрх мэдлийн тэгш бус харилцаа бас үгүй болж таарна. Эндээс харвал сонгодог эдийн засгаас ухаанаас неоклассик эдийн засгийн ухаан нь бараг эсрэг чиглэлд явчихсан. Ха Жун Чаны хэлснээр бол Адам Смит амьд ахуйдаа хязгаарлагдмал хариуцлагатай компани байхыг эрс эсэргүүцэж байсан гэдэг. Учир нь ийм компани байгуулснаар бизнес эрхлэгч нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглах боломж бүр л ихэснэ гэж үзэж байв. Сонгодог эдийн засгийн ухаанд эсвэл марксист эдийн засгийн ухаанд газрын эзэд, үйлдвэрчид, ажилчид, тариачид зэрэг анги давхаргын асуудлыг авч хэлэлцдэг байсан бол неоклассик эдийн засагт тэд огт байхгүй болоод харин оронд нь эдийн засгийн харилцаанд оролцогч нар нь хувь хүн, пүүс, дээр нь төр, төв банк болжээ. Энэ эдийн засгийн харилцааг хувь хүний солилцоо, шийдвэр дээр суурилсан гэж үзэх хандлагыг “Аргазүйн индивидуализм” гэж нэрлэдэг. Эндээс та бодоод үзээрэй. Нийгэмд эдийн засгийн голлох шийдвэрийг яг хувь хүн гаргадаг уу, эсвэл өрх, корпорацууд гаргадаг уу? Монголын эдийн засгийн голлох шийдвэрийг “гучин гэр бүл” гаргаад байгаа биш бил үү?
Неоклассик эдийн засгийн ухааны суурь таамаглал (basic assumption) нь хүнийг “рациональ” шийдвэр гаргадаг амьтан гэж үздэг ба ингэхдээ “ханамжаа дээд зэрэгт хүргэх (utility maximization)”-ийн төлөө явдаг гэж үздэг (Вараупакис 2002). Утилити гэх энэ ойлголтыг анх философич Жереми Бентамаас авсан ба түүний утилитаринизм гэх философийн урсгалаас эхтэй юм. Бентамынхаар (1789) хүн бол “таашаал”, “өвдөлт” гэсэн хоёр л эзэнд захирагддаг амьтан гэнэ. Тиймээс хүн өвдөлт эсвэл таагүй мэдрэмжээс зугтааж, харин эсрэгээрээ ханамж, таашаалын төлөө л явдаг гэнэ. Хүний мөн чанарыг гайхамшигтай хялбарчилсан байгаа биз? Неоклассик эдийн засагчдын үзэж байгаагаар хувь хүмүүс нь ханамжаа нэмэгдүүлэхийн төлөө явна, фирм нь ашгаа нэмэгдүүлэх төлөө явна. Ингээд нийгэм нь оптимал түвшинд очно. Хүн ханамж/ашгаа дээд түвшинд хүргэхийн төлөө явдаг ч энэ хүслийг нь нөөц/төсөв хязгаарлаж байдаг гэж үзэв. Тийм учраас эдийн засгийн нэгдүгээр курсийн оюутны хамгийн түрүүнд цээжилдэг тодорхойлолт нь “Эдийн засгийн ухаан бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал 3 нөөцөөр хангах ухаан юм.” Танил байна уу? Гэвч хүн үнэхээр ханамжаа л нэмэгдүүлэхийн төлөө явдаг амьтан мөн үү? Ер нь өөрийн ханамжаа л дээд түвшинд хүргэх гээд явдаг хүнийг сэтгэлзүйчид бол яавч эрүүл хүн гэж үзэхгүй.
Хамгийн гол нь ханамж гэх ойлголтыг суурь ойлголт болгохдоо өмнө нь бий болсон байсан ахицын тухай санааг нэгтээд “equimarginal principle” гэх аргачлалыг бий болгосон. Энэ аргачлал нь неоклассик эдийн засагт бол бараг зүйлийг тайлбарлаж болно гэдэг итгэлийг өгсөн. Их сургуульд сурах уу? Хүнтэй гэрлэх үү? гэх мэтчилэн бүх л асуултад энэ аргачлалаар хариултыг нь хэлж болно. Чамд байгаа хэрэгсэл чинь алх бол бүх л зүйл хадаас болж харагддаг гэдэг шиг...
Мэдлэгийн монополичлол ба колоничлол
Хамгийн гол нь неоклассик эдийн засгийн ухаан гарснаар эдийн засгийн мэдлэгийг зөвхөн эдийн засагчид ойлгодог, мэддэг зүйл болгож орхисон юм. Ингэхдээ тэд математик загварчлалыг ашигласан. Үүнийг харьцуулах юм бол манай лам нар төвд хэлээр ном уншаад л эмээ, өвөө нарт их л чухал ном уншаад байна гэж итгүүлдэг байсантай төстэй. Баахан тоо, томьёогоор улстөрчийг амархан дөнгөчихдөг гэсэн үг. Үүний тод жишээ нь манай Оюу Толгойн гэрээ юм. Оюу толгойн гэрээг байгуулахад манай төр засгийн удирдлагуудад 20 мянган хувьсагчтай тэгшитгэлээр итгүүлчихсэн. Сангийн сайд асан С.Баярцогтын хэлснээр шүү. Эдийн засгийн сурах бичгээрээ алдартай, Пол Самуэлсон нэгэнтээ, "Хууль дүрэм журмыг хэн бичиж байх нь надад хамаагүй, гол нь эдийн засгийн сурах бичгийг л би бичиж байх нь чухал" гэж хэлсэн гэдэг. Ер нь неоклассик эдийн засагчид өөрсдийн бяцхан эко чамбертай болж, эрх мэдэлдээ умбах болсон юм. Учир нь дэлхийн ихэнх оронд гол бодлого, шийдвэрүүдийг эдийн засагчид гаргадаг эсвэл гаргахад оролцдог.
Эдийн засгийн сурах бичгийг нь зөвхөн неоклассик эдийн засаг дээр суурилдаг. Гэтэл сурах бичигт дурдагдсан олон зүйлүүдийг худлаа гэдгийг түүхийн, антропологийн эрдэмтэд баталсан байдаг. Жишээлбэл антропологич Дэвид Грэйбэр “Өр: 5000 жилийн түүх” номдоо эдийн засгийн сурах бичигт хүн төрөлхтөн эхлээд бартерын худалдаа эрхэлдэг байж байгаад, үр ашиг багатай учир мөнгийг бодож олсон тухай гардаг. Гэтэл түүхийн баримтуудыг судлаад үзвэл дэлхийн түүхэнд хүмүүс бартерын худалдаа хийдэг нөхцөл бараг үгүй аж. Ер нь бартерын худалдаа нь шоронд л ихэвчлэн тохиолддог байна. Уламжлалт нийгэмд бол хүмүүс худалдааг өгөө, аваагаар л шийддэг. Чи нэг шуудай гурил өгчих, би дараа нь хавар ноолуур өгье гэх мэт зээлийн, эсвэл өгөө аваагийн тохиролцоо л хийдэг гэнэ. Грэйбэрийн энэ судалгааг эдийн засгийн сурах бичиг зохиогч эрдэмтэд аман дээрээ хүлээн зөвшөөрсөн ч, яг сурах бичгээ хэвлэхдээ өөрчилдөггүй гэж тэр бичжээ.
Дэлхийн ихэнх их дээд сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурч буй оюутнуудад эдийн засгийн түүхийн хичээлийг ордоггүй. Энэ нь цаанаа учиртай юм. Эдийн засгийн түүх нь, одоогийн неоклассик эдийн засагтай шууд харшилдана. Жишээлбэл Ха Жун Чаны бичсэн Муу Самаритан, Авирсан Шатаа Түлхэх нь зэрэг бүтээлд өгүүлснээр бол дэлхий дээр ‘чөлөөт худалдаа’ огт байгаагүй гэнэ. Улс орнуудад тарифын ба тарифын бус хязгаарлалтууд үргэлж байсан бөгөөд тэр дотроо Англи, Америк зэрэг орнууд үүгээрээ 4 алдартай. Ер нь төр зах зээлд оролцох ёсгүй мэт үзэл нь цэвэр үзэл суртлын буюу идеологийн түвшний ойлголтууд юм. Жишээлбэл Ха Жун Чаны бичсэнээр бол Сингапурыг чөлөөт зах зээл хөгжүүлсэн гэж ярьдаг ч, Сингапурын газрынх 90% нь төрийн өмч, нийт барилгынх 85%-ийг төрийн өмчийн компани барьдаг. Мөн нийт эдийн засгийнх нь 22%-ийг төрийн өмчийн компаниуд бий болгодог. Сонирхолтой нь Сингапурын энэ жишээг неоклассик эдийн засгийн ухаан тайлбарлаж огт чаддаггүй.
Ер нь эдийн засгийн ухаан нь бүхэлдээ европ төвт үзлээс эхтэй бөгөөд дэлхийн улс орнуудын хоорондоо эдийн засгийн хөгжлийн ялгааг тайлбарлахдаа ихэвчлэн чөлөөт худалдаа гэж ойлгуулах гэж оролдсон. Ингрид Квангравены 2025 онд гарсан “Эдийн засгийн ухааныг колоничлолоос гаргах нь” бүтээлээр неоклассик эдийн засгийн ухаан нь хэрхэн колоничлол, боолчлол зэргийг нуун далдлаад, буурай орнуудад өөрсдөд бурууг нь тохдог болохыг харуулсан. Ялангуяа Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагууд нь неоклассик дэг сургуулиар хүмүүжсэн эдийн засагчдаар дүүрэн учир манайх шиг улс орныг, тэдний улс төрийг буруутгасаар гэж иржээ. Нийгмийн ямар ч асуудал нь идеологиос гадуур байна гэж байдаггүй. Харин неоклассик эдийн засгийн ухаан идеологи дээр суурилаагүй мэт харуулах гэж оролддог. Жишээлбэл ДНБ гэдэг ойлголтыг Америкийн эдийн засагч Симон Кузнец санаачилсан. Кузнец анх санаачлахдаа ДНБ гэх ойлголтынхоо сул талыг мэдэж байсан учраас үүгээр эдийн засгаа хэмжээд явбал буруу замаар будаа тээнэ шүү гэдгийг сануулж байсан гэдэг. Ялангуяа нэг хүн ногдох ДНБ төөрөгдөл рүү хөтөлж байдаг. 2011 онд Мексикийн нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянга гаруй доллар байснаас, хамгийн баян хүн болох Карлос Слимийн орлогыг хасахад 9300 доллар руу хүрч байсан жишээ бий. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьдралд буухгүй магадлал тун өндөр. Ер нь Кузнец асар нөлөөтэй эдийн засагч байсан. Жишээлбэл 1950-иад оны үед тэрбээр Кузнецийн муруй гэх санааг гаргасан байдаг. Уг санаанаас үүдээд эдийн засагчид баялгийн тэгш бус байдлыг судлах шаардлагагүй гэж үзэх болжээ. Учир нь улс орны эдийн засаг нь өсөхийн хэрээр тэгш бус байдал нь аяндаа буурах хандлагатай гэж уг муруй харуулдаг. Францын эдийн засагч Томас Пикети 2013 онд “XXI зууны капитал” гэж ном бичээд Кузнецийн бурууг харуулсан бөгөөд түүнээс хойш баялгийн/орлогын тэгш бус байдлыг судлах нь ихэссэн.
Уг нь эдийн засаг бол зөвхөн эдийн засагчдын мэддэг, ярих ёстой зүйл биш юм. Ха Жун Чан бичсэнээр бол эдийн засгийн мэдлэгийн 95 хувийг хар ухаанаар (common sense) ойлгож болно, харин үлдсэн 5 хувийг нь тайлбарлаад өгвөл ямар ч хүн ойлгох боломжтой. Хамгийн гол нь эдийн засаг нь өөрөө хүн болгоны амь амьдралд шууд хамааралтай байдаг учир цөмийн физик биш. Яг л “дайн бол хэдэн генералуудад даатгаж болохооргүй чухал асуудал” гэдэгтэй л адил юм.
Бид 2008 оны дараах дэлхийд амьдарч байна
Дэлхий дээр нийт гурван удаагийн ардчиллын давлагаа болжээ. Гурав дахь давлагаа нь 1980-1990-ээд онд өрнөсөн бөгөөд уг давлагаанд цохигдож ардчилсан болсон орнуудын нэг нь Монгол. Харин үүнтэй адил мөн гурван удаагийн ардчиллаас ухрах давлагаа болжээ. Үүний сүүлийн давлагаа нь 2008 оны эдийн засгийн хямралын дараа эхэлсэн. Дэлхий дээр хаа сайгүй авторитар, фашист улстөрчид засгийн эрхэд гарсан. Жишээлбэл Унгарт Орбан, Туркэд Эрдоган, АНУ-д Трамп, Энэтхэгт Моди гэх мэтчилэн олон жишээ байна.
2008 оны хямралын талаар хүмүүсийн мэддэг түүх бол АНУ-д Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс хагарч Леймин Бродерс зэрэг банк дампуурсан. Энэ нь домино эффектээр нөлөөлж, удалгүй Евро хямрал гэх мэтээр дэлхий нийтэд нөлөөлжээ. Хамгийн гол нь энэ хямралыг яагаад гарав, яагаад урьдчилсан арга хэмжээ авч чадсангүй гэдгийг ойлгох нь чухал. Хямралын дараахан нь Английн Хатан Хаан Английн нэг топ их сургуулийн эдийн засагч нарт хандаад "Та нарын хэн нь ч яагаад мэдээгүй юм бэ" гэж асуусан байдаг. Мэдээж тэд юу ч хэлж чадаагүй.
2008 оны эдийн засгийн хямралаас өмнө АНУ-ын голлох, нөлөө бүхий эдийн засагчдын уулзалтуудад хямрал айсуй талаар ярих нь битгий хэл, харин ч эдийн засгаа ихээхэн өөдрөгөөр төсөөлж, магтаж байжээ. АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн байсан Бен Бернарке 2004 онд "Great Moderation" буюу "Их тогтуун" гэж илтгэл тавьж байсан. Хямралын өмнө болсон топ эдийн засагчдын нэг хурал дээр Рагурам Ражан Хямрал айсуй талаар ярьсан боловч түүнийг нь Ларри Саммерс мэтийн нөхөд эрс шүүмжилсэн гэдэг (Түүз 2018). Саммерс бол АНУ-ын хамгийн нөлөө бүхий эдийн засагч. Саяхан Эпштэйний хэргээр Харвардын ажлаа өгсөн. Хамгийн гайхалтай нь 2008 оны хямралын дараа нь Ларри Саммерсыг Барак Обама АНУ-ын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн тэргүүнээр тавьчихсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралын автор нь эргээд эмчлэх үүрэгтэй нэгэн болчихсон гэсэн үг.
Ер нь 2008 оны хямрал нь 1930-иад оны бий болсон Их хямралтай олон талаар төстэй (Уг нь Great Depression-ийг "Их гутрал" гэж орчуулмаар). Уг Их хямрал нь үндсэндээ дэлхий дээр фашист, нацист дэглэмүүд гарах суурийг тавьсан бөгөөд улмаар дэлхийн 2-р дайнд хүргэсэн. Үүнтэй адил үйл явдлын гэрч нь бид болж байна (Маттей 2022). Өнөөдөр дэлхийн бараг бүх тивд дайн байлдаан өрнөж байгаагийн нэг үндсэн шалтгаан нь 2008 оны хямрал. 1930-оны хямралын уршиг нь 2-р дайнд гэхэд л 80-90 сая хүний аминд хүрсэн бол 2008 оны хямрал хэдэн сая хүний аминд аль хэдийн хүрчихсэн, цаашдаа хүрэхийг Балхжав ах ч таашгүй.
Эдийн засгийн хямрал яагаад ийм юм руу хөтөлдөг нь мөн учир шалтгаантай. 2008 оны хямралын дараа банкуудад маш мөнгө хэвлэж цутгасан ба үүнийг bail-out гэж нэрлэдэг. Хамгийн гол нь ачааны хүндийг жирийн иргэдэд үүрүүлсэн юм (Түүз 2018). Үүнийг остерити буюу бүсээ чангалах бодлого гэдэг. Остерити дотроо олон хэлбэр, төрөлтэй боловч хамгийн энгийн нь цалин, тэтгэврийг танах, нийгмийн халамжийг бууруулах, зээлийн хүүг нэмэгдүүлэх гэх мэт (Маттей 2022). Уг нь эдийн засагчид нэг зүйлийг сайн мэдэж байх учиртай. Өрхийн түвшинд санхүүгийн хүндрэл тулгарахад бүсээ чангалж болно. Тэгэх ч ёстой байх. Харин улс орны түвшинд бол болохгүй. Учир нь нэг хүний зарлага, нөгөө хүний орлого болоод явчихдаг. Тэгээд мэдсээр байж “яагаад” гэж? Тэд “улс төрийн идеологи”-доо хөтлөгдсөн бодлогоо зүтгүүлж байна л гэсэн үг. Хямралын дараахан нь дэлхийн томоохон хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдэд "Эдийн засаг сэргэнэ. Гэхдээ цалин өсөхгүй, ажлын байр нэмэгдэхгүй" гэсэн утгатай мэдээлэл олноор гарах болсон. Эндээс та нэг зүйлийг харж болно. "Эдийн засгийн өсөлт" гэдэг нь топ 1%-ийн орлогын тухай яриа гэдэг нь ойлгогдох байх. Хэрэв ихэнх хүмүүсийн амьдрал сайжрахгүй юм бол тэр эдийн засаг (өсөлт)-өөр яах юм бэ? Мэдээж хэрэг олон жил бүсээ чангалуулсан иргэдийн дургүйцэл, уур бухимдал дээд цэгтээ хүрнэ. Үүнийг politics of resentment буюу бухимдлын улс төр гэдэг.
Энэ бүхэн Монголд ч, монголын эдийн засагч ямар хамаатай юм гэж асууж болох юм. Монголд ч тун их хамаатай. Нэгт. Монгол нь ардчиллын V-Dem институтийн ангиллаар аль хэдийн "Сонгуульт авторитари" дэглэмтэй улс болчихсон. Үг хэлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх бүгд хумигдсан. Энэ бол дээр дурдсан эдийн засгийн бүсээ чангалах бодлоготой шууд холбогдоно. Хоёрт. Сүүлийн хэдэн жил нэг хүнд ногдох ДНБ нь өссөн гээд байгаа боловч хүмүүсийн амьдрал тасралтгүй уруудсаар байна. Үүнийг бол чанарын судалгаа хийж хөдөө, хотгүй олон хүмүүстэй уулзаж, ярилцлага хийсний хувьд би өөрийн ажиглалтаар хэлж байгаа юм. Гуравт. Монгол нь капиталист орон болоод бараг 30 жилийн нүүрийг үзэж байгаа ч чухам яг ямар капиталист загвартай улс орон болчхов, түүний үр дагавар нь юу гэдгийг хангалттай судлахгүй өнөөг хүрчээ. Энэ нь эргээд л неоклассик дэг сургуулиар хүмүүжсэн эдийн засагч нартай холбогдоно. Нэг жишээ хэлье. Манай бараг бүх л эдийн засагчид Төв банкны бие даасан байдал чухал л гээд дахин дахин, давтан давтан хэлээд байгаа. Гэхдээ энэ “маань мэгзэм” хаанаас, яаж үүссэнийг сонирхвол тунчиг сонирхолтой зүйл харагдана. Төв банк гэгч нь Англи зэрэг орнуудад анхнаасаа хувийн банк байдлаар үүссэн. Дараа нь арилжааны банкнуудын эрх ашгийг хамгаалах зорилготой, онцгой мандаттай банк болж хөгжсөн. Тиймээс бие даасан байдал гэдэг нэрийн дор төв банк нь төрөөс, иргэдээс хараат бус харин арилжааны банкнуудаас хараат байдаг (Вараупакис 2002).
Неоклассик эдийн засаг нь улам л математик загварчлал, эконометрикст хөтлөгдөх тусмаа л амьдралаас улам л тасардаг байна. Үүний жишээ нь макро эдийн засгийн бодлогын талаарх Монголын эдийн засагчдын дүн шинжилгээ, тэдний онош нь хоорондоо гайхалтай адилхан байдаг. Та Монголын ямар нэг эдийн засагчийн яриаг сонсоод үзээрэй. Тэд Монголын макро эдийн засгийн маш олон асуудлууд байгаагийн цаад шалтгааныг популист улс төр гэнэ. Хэрэв тийм бол Монголын бүх популист улстөрчийг байхгүй болгочихвол Монголын эдийн засгийн асуудлууд шийдэгдэх үү? Үгүй л болов уу. Мөн неоклассик эдийн засагчид бүтээмж өсөөгүй байхад цалин, тэтгэврийг нэмсэн нь буруу, цаашдаа ч нэмж болохгүй гэж байнга хэлдэг. Эндээс харахад инфляц хэр зэрэг өндөр байх нь хамаагүй юм байх өө. Ахмадуудын авдаг тэтгэвэр, багш, эмчийн цалин нь наад захын хэрэгцээгээ ч хангахааргүй байхад ийм зүйл хэлж байгаа нь гайхмаар биш гэж үү? Тэднийхээр бол ахмадууд бараг хог түүж амьдрахаас өөр аргагүй бололтой.
Ингээд харахаар неоклассик эдийн засагчид өөрсдөө популист улс төрийг төрүүлсэн ээж нь бишээ юмаа гэхэд эх баригчид нь байгаа биз?
Ашигласан номын жагсаалт:
- Tooze, A. (2018). Crashed: How a decade of financial crises changed the world. Viking.
- Bentham, J. (1890). Utilitarianism. Progressive Publishing Company.
- Chang, H. J. (2003). Kicking away the ladder: the'real'history of free trade.
- Chang, H. J. (2012). 23 things they don't tell you about capitalism. Bloomsbury Publishing USA.
- Dutt, D., Alves, C., Kesar, S., & Kvangraven, I. H. (2025). Decolonizing economics: An introduction. John Wiley & Sons.
- Graeber, D. (2014). Debt: the first 5,000 years, updated and expanded. Melville House.
- Varoufakis, Y. (2002). Foundations of economics: a beginner's companion. Routledge.
- Mattei, C. E. (2022). The capital order: How economists invented austerity and paved the way to fascism. In The capital order. University of Chicago Press.
- Piketty, T. (2014). Capital in the twenty-first century. Harvard University Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
