АНУ-ын нэрт гольфчин Тайгер Вудс автомашины ослын дараа Дональд Трамп руу залгажээ
АНУ-ын алдарт гольфчин Тайгер Вудс өнгөрсөн долоо хоногт Флорида мужид зам тээврийн осол гаргаснаар хуулийнханд саатуулагдсан.
Нэрт тамирчныг биеэ хянах чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт буруутгаж буй юм. Гэхдээ согтуудаа юу эсвэл элдэв хууль бус бодис хэрэглэсэн үү гэдгийг тодорхой мэдээлээгүй аж.
Тэгвэл цагдаагийнхан түүнийг баривчлагдах үеийн бичлэгийг өнгөрсөн Пүрэв гарагт олон нийтэд ил болгосон байна.
Уг бичлэгт түүний халааснаас хоёр ширхэг эм хурааж авч байгаа нь харагджээ. Т.Вудс үүнийг өвчин намдаахад хэрэглэдэг эм гэж тайлбарласан байна.
Т.Вудс ослын дараа хэн нэгэнтэй гар утсаараа холбогдсон нь уг бичлэгт үлдсэн юм. Түүнийг шалгаж байсан цагдаа нар ослын газар дуудах үед тэр хэн нэгэнд хандаж "За ойлголоо. Маш их баярлалаа. Баяртай" гэж хэлсэн байна. Дараа нь тэр цагдаа нарт АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярьснаа хэлсэн байна.
Т.Вудс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниорын эхнэр байсан Ванесса Трамптай болзож байгаа.
Д.Трамп хэдхэн хоногийн өмнө Fox News сувагт ярилцлага өгөх үеэр Т.Вудсыг энэ жилийн Мастерс тэмцээнд оролцохгүй гэдгийг нийтэд зарлаж байсан юм. Энэ үеэр түүнээс сэтгүүлчид ослын талаар асуухад "Вудс бол гайхалтай хүн. Бид маш сайхан харилцаатай байдаг. Түүнийг ийм болчимгүй үйлдэл гаргасанд харамсаж байна" гэж байв.
Гольфчин эр тээврийн хэрэгсэл болгоомжгүй жолоодсон хэргээр шалгагдаж байхдаа Флоридагийн шүүхэд биеэ эмчлүүлэхээр АНУ-аас гарах хүсэлт гаргаснаас нэг хоногийн дараа түүний баривчлагдах үеийн бичлэгийг нийтэд ил болгосон юм.
Мужийн шүүх түүний хүсэлтийг хүлээн авсан юм. Ингэхдээ өдгөө 50 настай гольфчин эрийг хэвлэл мэдээлэл болон олон нийтээс хол "эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай" болсныг хүндэтгэж үзэхээр болсноо дурджээ.
Вудс өнгөрсөн Мягмар гарагт энэ ослын талаар олон нийтэд хандаж мэдээлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж буруутгасныг үгүйсгэсэн байна.
Баривчлагдах үед түүнээс шинжилгээ авахад архины төрлийн зүйл хэрэглэсэн нь илрээгүй. Харин бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд шинжилгээ өгөхөөс татгалзсан аж.
Цагдаагийн тэмдэглэлд түүнийг "маш их хөлөрсөн", хөдөлгөөн нь "унтаа, удаан" байсан гэсэн байв. Мөн түүнээс эрүүл байгаа эсэхийг шалгахаар алхуулахад баруун тийшээ доголж байсныг бичсэн байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

