Дайн эхэлснээс хойш Японы эзэмшлийн анхны хөлөг Ормузын хоолойгоор Персийн булангаас гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт газрын тос, байгалийн хий тээвэрлэгч гурван хөлөг онгоц Персийн булангаас Ормузын хоолойгоор дамжин гарсныг эрчим хүчний тээврийн салбарын эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Тэдгээр хөлгүүд ингэхдээ Оман улсын эрэг дагуу замаар гарсан нь ховор тохиолдол болсон байна.

Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дамждаг Ормузын хоолой нь Иран, Оман улсуудын эрэгт хашигддаг юм.

Хоолойгоор нэвтэрсэн хөлгүүдийн нэг нь Японы компанийн эзэмшилтэй байжээ.

Дайн эхэлсэн цагаас хойш Персийн булангаас цөөн хэдэн хөлөг гарсан нь бүгд Оманы Мусандамын хойгийг тойрсон усан замыг ашиглалгүй, Ираны хяналтын Ларак арлын ойролцоо өнгөрдөг замаар гарч байв.

Энэ замыг “Тегераны төлбөр хураах цэг” гэж салбарын мэргэжилтнүүд нэрлэх болсон байна.

зураг
 

Сүүлийн бараг гурван долоо хоногийн хугацаанд Персийн булангаас гарсан хөлгүүд бүгд Ираны хяналтын замаар зорчсоныг “Lloyd’s List” зам тээврийн сэтгүүл мэдээлжээ.

Тэгвэл далайн тээврийн мэдээллийн сан Kpler-ийн мэдээлснээр Пүрэв гарагийн өглөө “Habrut”, “Dhalkut” нэртэй хоёр түүхий газрын тос тээвэрлэгч болон нэг шингэрүүлсэн хий тээвэрлэгч Ормузын хоолойгоор нэвтэрсэн нь бүгд Оман улсын далбаатай байсан байна.

Тэдгээрээс “The Shohar LNG” шингэрүүлсэн хий тээвэрлэгч нь гуравдугаар сарын нэгнээс хойш Ормузын хоолойгоор нэвтэрсэн анхны хий тээвэрлэгч хөлөг болжээ.

Уг хөлөг хоолойгоор нэвтрэхдээ ачаагүй хоосон байсан байна. “The Shohar LNG” хөлгийг Японы ачаа тээврийн Mitsui O.S.K компани хамтран эзэмшдэг болохыг өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 25-наас хойш Персийн буланд байсан уг хөлөг дайн эхэлснээс хойш Ормузын хоолойгоор гарсан Японы эзэмшилтэй анхны хөлөг болсон байна.

Гурван хөлөг одоо Оман улсын нийслэл Мускат хотын баруун хэсгийн зогсоолд байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Гуравдугаар сарын нэгнээс Баасан гарагийн өглөөг хүртэл хугацаанд Ормузын хоолойгоор нийт 240 хөлөг Персийн булангаас гарсан нь ердийн үеийн урсгалаас 94 хувиар буурсан үзүүлэлт болохыг Kpler баталж байна.

Эдгээрийн 151 нь газрын тос, байгалийн хий тээвэрлэгч хөлгүүд байсан ба тэдгээрийн ихэнх нь хоолойгоос гарсныхаа дараа зүүн зүгт зорчжээ.

Пүрэв гарагийн өглөө бас Францын эзэмшлийн чингэлэг тээврийн хөлөг Ормузын хоолойгоор нэвтэрсэн нь гуравдугаар сарын нэгнээс хойш Европын томоохон тээвэрлэгчдийн хөлөг нэвтэрсэн анхны тохиолдол болсон байна.

Пүрэв гарагт Иран улс энхийн цагт Ормузын хоолойн ачаа тээврийн урсгалыг зохицуулах журмын төслийг Оман улстай хэлэлцэж байгаагаа мэдээлжээ.

Ираны гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабадигийн хэвлэлд ярьснаар АНУ, Израильтай үргэлжилж буй дайн дууссаны дараа уг журам хэрэгжиж эхлэх юм байна.

 

Эх сурвалж: AFP