3x3 сагсан бөмбөгийн ААШТ-ий хэсгийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Сингапур Улсад 3х3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний эхний хоёр өдөр урьдчилсан шатны тоглолтууд боллоо. Үндсэн тэмцээнд өрсөлдөх 12 багийн тоонд орохын тулд 35 баг өрсөлдөв.

Чансаагаар тэргүүлж байгаа Монголын эрэгтэй шигшээ баг "А" хэсгийг толгойлж буй. Тэдэнтэй Хятадын Тайпэй өрсөлдөхөөр сугалаагаар тодорсон бол сүүлийн эрхийн төлөө Филиппин, Тайланд, Мальдивын баг өрсөлдсөн юм.

Филиппиний шигшээ баг Мальдивыг 21:16, Тайландыг 17:15-аар буулган авснаар тивийн аваргын тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулав.

Түүнчлэн "B" хэсэгт Малайз, "C" хэсгийг БНСУ, "D" хэсгийг Энэтхэг тэргүүлснээр шар тивийн аваргад өрсөлдөх эрэгтэйчүүдийн 12 баг тодорлоо.

Өмнөд солонгосчууд 2022 оноос хойш дөрөв дэх удаагаа тивийнхээ тэмцээнд хүч сорих бол Энэтхэг, Филиппин тус бүр зургаа, Малайз дөрөв дэх удаагаа цомын төлөө өрсөлдөх аж.

Эмэгтэйчүүдийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэтэй Монголын шигшээ баг Шинэ Зеландын хамт "B" хэсэгт орсон. Тэгвэл урьдчилсан шатнаас Малайз бүсгүйчүүд Энэтхэг, Туркменистаныг ялаад эрхээ авчээ. 

Бусад хэсгээс Казахстан, Хятадын Тайпэй, Тонга хүүхнүүд үндсэн тэмцээний эрх авав. Тонга эмэгтэйчүүд анх удаа тивийн аваргад өрсөлдөх эрхээ авч буй нь энэ юм.

Манай 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн хэсгийн тоглолт маргааш буюу энэ сарын 4-ний Бямба гарагт эхэлнэ.