ОХУ-тай хил залгаа бүс нутагт нь малын халдварт өвчин гарсныг Хятадын эрх баригчид мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун хойд Шинжааны бүс нутагт шүлхий өвчин гарсны дараа хилийн хяналтыг чангатгаж, мал сүргийг устгаж эхэлснээ тус улсын эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ.

Сүүлийн хэдэн сарын турш ОХУ-ын олон бүс нутагт халдварт өвчин тархсантай холбогдуулан малыг олноор устгаж байгаа.

Хятадын мэргэжилтнүүд одоо байгаа вакцинд тэсвэртэй, халдварлах чадвар өндөртэй шүлхий өвчний вирусийн хувилбарыг “гадаадаас орж ирсэн байх магадлалтай” гэж дүгнэжээ. Шинжааны бүс нутаг нь Орос, Казахстан, Монгол улсуудтай хил залгадаг. Эдгээрээс хил залгаа Оросын Алтайн хязгаарт сүүлийн үед мал устгал эрчимтэй хэрэгжсэн юм.

Өнгөрч буй долоо хоногт нийт 6,229 толгой малтай хоёр сүргийн 219 үхрээс шүлхий өвчний шинэ вирусийн халдвар илэрсэн тухай Хятадын хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Үүний улмаас Шинжаан болон хөрш Ганьсү мужид устгал, ариутгалын арга хэмжээ авч, малын хууль бус тээвэрлэлтийг хатуу хязгаарлаж эхэлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сараас хойш ОХУ-ын есөн бүс нутагт 90,000 орчим мал устгасны 80 орчим хувь нь Алтайн хязгаарт хэрэгжжээ.

Оросын эрх баригчид үүнийг галзуу өвчин, пастереллёз болон бусад тодорхойгүй халдварт өвчин дэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа.

Саяхан Казахстан улс ОХУ-аас мал, мах импортлохыг хориглосон байна.

Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн байгууллага өнгөрсөн оны тавдугаар сард Орос улсыг малын шүлхий өвчнөөс ангид болохыг хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ энэ статусаа алдвал тус улсын мах, махан бүтээгдэхүүний экспортод хохирол учрах юм.

АНУ-ын хөдөө аж ахуйн яам Орос улс ийм шалтгаанаар шүлхий өвчний дэгдэлтээ нууж байж магадгүй гэсэн дүгнэлтийг саяхан гаргаж байв. Гэвч Оросын хөдөө аж ахуйн хяналтын байгууллага уг дүгнэлтийг няцаагаад байгаа.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин малын вакцины үйлдвэрлэлийг шинэчлэх зарлигт гарын үсэг зурж, хэд хэдэн төрийн өмчит аж ахуйн нэгжийг Оросын Биологийн Аж Үйлдвэрлэлийн компанид нэгтгэж байв.

Энэ алхмаа Оросын эрх баригчид технологийн бие даасан байдлаа хангаж, мал эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Reuters