Уншиж байна ...

Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй шинэ автомашины худалдааг хориглох төлөвлөгөөгөө цуцлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй шинэ автомашин худалдаалахыг хориглох төлөвлөгөөтэй байсан ч цуцалжээ.

Тухайн оноос эхлэн зах зээлд худалдаалагдах шинэ автомашинууд бүгд “тэг ялгаруулалттай” байхаар заасан байсныг үйлдвэрлэгчид, ялангуяа Германы үйлдвэрлэгчид шаргуу хөөцөлдсөний эцэст ийнхүү цуцлуулсан байна.

Евро Комиссын шинэ төлөвлөгөөний дагуу 2035 оноос хойш худалдаалагдах шинэ автомашинуудын 100 хувь биш, 90 хувь нь ийм шаардлага хангах ёстой болжээ.

Үлдсэн 10 хувь нь бензин, дизель, эсвэл хайбрид хөдөлгүүртэй байж болох юм байна.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлийн эрэлт одоогоор хэт бага байгаа тул өмнөх төлөвлөгөө хэрэгжвэл Европын автомашин үйлдвэрлэгчид олон тэрбум еврогийн торгуулиар шийтгүүлэх эрсдэлтэй болоод байжээ.

Гэвч уг шийдвэр Европын ногоон шилжилтийг удаашруулж, гадаадын үйлдвэрлэгчдээс технологиор хоцорч, өрсөлдөөнд ялагдах эрсдэлтэйг эсэргүүцэгчид нь анхааруулж байна.

Уг шийдвэрийг автомашин үйлдвэрлэгчид бас янз бүрээр хүлээн авч байгаа ажээ.

Тухайлбал Volvo ойрын 10 жилийн дотор бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжих боломжтой байгаагаа мэдэгдээд бусад үйлдвэрлэгчдэд ч бас ингэхийг уриалсан байна.

“Богино хугацааны ашгийн төлөө урт хугацааны амлалтаа сулруулж байгаа нь Европын өрсөлдөх чадварыг ойрын жилүүдэд муутгах эрсдэлтэй. Тогтвортой, амбицтай бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хэрэглэгчид, байгаль орчин, Европын аж үйлдвэрийн хүчин чадалд аль алинд ач тустай” гэж тус компани мэдэгджээ.

Харин Германы Volkswagen групп Евро Комиссын шийдвэрийг  талархан хүлээж авч, “зах зээлийн нөхцөл байдалд нийцсэн, прагматик алхам” хэмээн магтсан байна.

 

Эх сурвалж: BBC