Өчигдөр буюу Мягмар гарагт Европын удирдагчид Украин улсын дайны хохирлыг нөхөн барагдуулах асуудлыг хариуцсан олон улсын хороо байгуулахаар тохиролцжээ.
Нидерландын Гааг хотод болсон хурлын үеэр Украины Олон Улсын Нэхэмжлэлийн Хороог үүсгэн байгуулах гэрээнд 35 улсын төлөөлөгч гарын үсэг зурсан байна.
Уг байгууллага нь дайны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг үнэлэх, шийдвэрлэх үүрэгтэй ажиллах гэнэ.
Гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энх тайванд хүрэх жинхэнэ зам нь Орос улс дайны гэмт хэргийнхээ хариуцлагыг үүрэхээс эхлэх ёстойг онцолжээ.
“Энэ дайн болон үүнээс Орос улсын хүлээх хариуцлага нь бусад улс орнуудад түрэмгийллээс зайлсхийх сургамж болох ёстой. Бид энэ дэлхийд дүрэм журам байдгийг Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэж тэр хэлсэн байна.
Нидерландад төвлөрөх уг байгууллагыг 46 гишүүн оронтой Европын Зөвлөл удирдах ажээ.
Үүнээс хоёр жилийн өмнө Украины дайны хохирлыг бүртгэх хороо байгуулагдсан нь одоогоор 80,000 гаруй нэхэмжлэл хүлээж аваад байгаа юм.
Одоо Оросын төв банкны Европ дахь битүүмжлэгдсэн хөрөнгийг Украины сэргээн босголт болон батлан хамгаалах зардалд зориулах асуудал ид яригдаж байгаа.
Саяхан Европын Холбооны удирдлага энэ хөрөнгийн битүүмжийн хугацааг хязгааргүй болгож, Орос улс хохирлыг барагдуулах хүртэл цуцлахгүй байхаар тохиролцсон.
Нидерландын гадаад хэргийн сайд Дэвид ван Вил нөхөн төлбөр хариуцсан хороо байгуулахаар болсныг мөргөлдөөнийг зохицуулах “том алхам” гэж дүгнэжээ.
“Хариуцлага тооцохгүйгээр ямар ч мөргөлдөөнийг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Хариуцлагын нэг хэсэг нь учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх явдал юм” гэж тэр хэлсэн байна.
Маргааш буюу Пүрэв гарагт Европын Холбооны удирдагчид Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн Украины тусын тулд зарцуулах арга замуудыг хэлэлцэх гэж байгаа.
Хууль эрх зүйн үр дагавраас нь болгоомжилсон Бельги улс энэ санааг эсэргүүцдэг. Учир нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг Euroclear клирингийн төв нь Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийн ихэнх хэсгийг хадгалдаг юм.
Одоогоор Оросын төв банкны 300 орчим тэрбум еврогийн хөрөнгө Европын банк, санхүүгийн байгууллагуудад хадгалагдаж байна.
Дэлхийн Банк 2024 оныг дуустал Украинд учруулсан хохирлыг сэргээн босгох зардлыг $524 тэрбум гэж тооцоолсон байдаг.
Энэ нь тухайн оны Украины эдийн засгийн бүтээмжээс бараг гурав дахин их тоо болж байна.
Бас энэ оны турш Украины эрчим хүчний болон бусад дэд бүтцүүдэд чиглэсэн Оросын цохилтын хохирлыг үүнд тооцоогүй юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!