Уншиж байна ...

ТАНИЛЦ: МАН-аас шинээр томилогдох 14 дэд сайд

А.Ням-Өлзий, iKon.mn
50 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайдын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргасан. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дараах 14 яамны дэд сайдыг томилох шийдвэр гаргажээ. 

Дэд сайдуудын үүргийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг, Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийн асуудлыг, Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулах гэх мэт ажлыг хариуцах аж. 

Засгийн газраас дэд сайд томилохоо мэдэгдсэн ч намын УЗ-ийн өнөөдрийн хурлаас 14 хүнийг томилох шийдвэрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Боловсрол болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын орон тоо одоогоор хоосон байна. Учир нь дээрх хоёр яамны дэд сайдуудыг Засгийн газарт хамтарч буй ХҮН нам, ИЗНН-аас томилох аж. 

Ташрамд дурдахад, Боловсролын дэд сайдаар ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгыг томилохоор болсон гэдэг мэдээлэл байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд - Бэгзсүрэнгийн Энхтүвшин

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч асан Б.Энхтүвшин дээр дурдсанчлан Оюутолгойн татварын асуудал болон шатахуун тасралтгүй нийлүүлэх асуудлыг хариуцан ажиллахаар болж байна. 

зураг
 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд - Батбаярын Мөнхтамир 

Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир одоогоос хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө хэвлэлд ярьж байв. Тэрбээр МИАТ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд хамгийн удаан ажилласан бөгөөд Олон улсын Агаарын тээврийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Батлан хамгаалахын дэд сайд - Дашцэдэнгийн Баасандамба 

Бригадын генерал Д.Баасандамба 2023 оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдож байжээ. 

зураг
 

Гадаад харилцааны дэд сайд - Гомбосүрэнгийн Амартүвшин 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаа ажиллаж байсан Г.Амартүвшинг 2022 оны нэгдүгээр сард МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдож байжээ. Гэвч мөн оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байгаад эрхэлж байсан байсан албан тушаалдаа дахин очиж байгаа нь энэ аж. 

зураг
 
Гэрэл зургийн эх сурвалж: ЕТГ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд - Баярсайханы Солонгоо 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Солонгоо энэ удаад Т.Аубакир сайдтай гар нийлэн ажиллах болжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA.mn

Зам, тээврийн дэд сайд - Гочоогийн Ганболд

2020-2024 оны парламентад сонгогдож ажиллаж байсан гишүүн асан Г.Ганболд 2024 оны УИХ-ын сонгуульд "өвдөг шороодсон". Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байсан юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн дэд сайд - Бат-Эрдэнийн Хулан 

Люксембургийн вант улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай тэрбээр олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) цолтой аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд - Ганзоригийн Дашням

Дулаан цагт хотоор сүлжилдэх болсон “JET" скүүтрийг нэвтрүүлсэн Г.Дашням 2024 оны УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч хангалттай санал авч чадаагүй. Тэрбээр сонгуулийн дараахнаас Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж эхлээд удаагүй байв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - Баасансүрэнгийн Нямжав 

Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн, манлай уяач Б.Нямжав хөдөө аж ахуйн салбарт ажиллахаар болжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд - Ганжавын Баярхүү 

МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар ажиллаж байсан Г.Баярхүү 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 29 дүгээрт бичигдэж байв. Жагсаалтаар улс төрд орж чадаагүй ч одоо ийнхүү дэд сайдын албыг хашихаар болжээ.  

зураг
 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд - Содномдаржаагийн Даваасүрэн 

2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор тухайн үеийн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцож, чөлөөлж байв. Энэ үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн өөрөө өргөдлөө өгч чөлөөлөгдөж буйгаа хэвлэлээр мэдэгдэж байсан юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн дэд сайд - Ганбаатарын Номин 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт бус өвчний хэлтэс, Амны хөндий, нүд, сонсголын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Номин эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулахаар болов. 

зураг
 

Эрчим хүчний дэд сайд - Сугаржавын Далхаасүрэн 

2020 оноос хойш УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны даргаар ажилласан С.Далхаасүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 27-д бичигдэж байв. 

зураг