Уншиж байна ...

Канадын ерөнхий сайдын британи аялгатай зөв бичгийн дүрмийг хэл судлаачид шүүмжилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Канадын ерөнхий сайд Марк Карни сүүлийн үед албан ёсны бичиг баримтуудад британи аялгатай англи хэлний зөв бичих дүрмийг улам их ашиглах болсныг судлаачид шүүмжилжээ.

Саяхан түүний танилцуулсан ирэх оны төсөв, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтын дараах мэдэгдэл зэрэгт ийм хандлага тод ажиглагдаж буйг судлаачид онцолсон байна.

Энэ оны эхээр Канадын 24 дэх ерөнхий сайдаар томилогдсон Марк Карни өмнө нь Английн Төв Банкны ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаанд ажиллаж байжээ.

Тиймээс тэр бичиг хэрэгтээ Канадын англи хэлний дүрмээс илүүтэй британи дүрмийг түлхүү ашигладаг.

Тэгвэл саяхан Канадын хэл судлалын зургаан эрдэмтэн ерөнхий сайдад илгээсэн их захидалдаа “1970-аад оны үеэс өнөөдрийг хүртэл тогтвортой ашиглагдаж ирсэн өөрийн хэл бичгийн дүрмийг” хэрэглэхийг уриалжээ.

“Канадын англи хэл нь Америкийн хувьсгалын дайны дараа суурьшсан хаант засаглалыг дэмжигчид болон түүний дараа үүссэн Англи, Шотланд, Уэльс, Ирландын цагаачдын урсгал, Европ болон дэлхий дахины нөхцөл байдлаас үүдэлтэй хувьсан хөгжсөн юм” гэж судлаачид захиандаа бичсэн байна.

Канад маягийн хэл бичгийн өвөрмөц дүрэм нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, засгийн газрын албан ёсны баримтуудад өргөн хэрэглэгддэг, “үндэсний түүх, давтагдашгүй байдал, бахархал”-ын чухал элемент болохыг тэд тайлбарлажээ.

Канадын зөв бичгийн дүрэм нь зарим үг хэллэгийг Британи болон Америкийн англи хэлний хувилбаруудаас зориуд ялгаруулж, өөрчилсөн байдаг.

Бас тус улсын франц болон уугуул иргэдийн хэлний соёлын нөлөө туссан байдаг байна.

Хөрш АНУ-тай худалдааны маргаан зөрчил эрчимжиж, тэр ч байтугай Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох түрэмгий санаа яригдаж буй энэ үед хэлний өвөрмөц байдлаа хадгалах нь чухал ач холбогдолтойг судлаачид ерөнхий сайд Марк Карнид тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian