Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Нью Йорк Никс"-ийн удирдлагууд лидер тоглогчтойгоо хийсэн уулзалтын дараа дасгалжуулагч Том Тибодог халах шийдвэр гаргажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны 2024-2025 оны улирал дуусах дөхөж буй. Шигшээ цувралд Дорнод бүсээс "Индиана Пэйсерс", Өрнөдөөс "Оклахома Сити Тандер" баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан юм.

Тэгвэл Дорнод бүсийн аваргын төлөө "Индиана"-д дийлдсэн "Нью Йорк Никс" баг дасгалжуулагч Том Тибодод дахиж итгэл үзүүлэхгүй болжээ.

Энэ талаар нэрт сэтгүүлч Иан Беглейгийн мэдээлснээр "Никс"-ийн ерөнхийлөгч Леон Роүз, багийн эзэн Жэймс Долан нар лидер тоглогч нартайгаа уулзсаны дараа Томыг халах шийдвэрээ гаргасан гэв.

Том Тибодо 2020 оноос тус багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Энэ хугацаанд улиралд 226 хожиж, 174 ялагдсан бөгөөд хасагдах шатанд 24-23 амжилттайгаар ажлаа хүлээлгэн өглөө.

Түүний удирдлага дор энэ жил баг нь 2000 оноос хойш анх удаа бүсийн шигшээд өрсөлдсөн юм. 

Сэтгүүлчдийн таамаглаж буйгаар бүх одод статустай Жален Брансон, Карл-Энтони Таунс нар багийн эзэдтэйгээ уулзалт хийжээ.

Том Тибодо өмнө нь "Чикаго Буллз", "Миннесота Тимбэрволвс" багийг дасгалжуулж байв. Тэрбээр хамгийн багадаа 300 тоглолт хийсэн дасгалжуулагч нараас багаа шигшээд шалгаруулаагүй ч хамгийн өндөр хожлын хувьтай (57.9%) нь юм.

Сүүлийн хоёр улирал дараалан түүний удирдсан баг 50-аас дээш хожил авсан нь "Никс"-ийн хувьд 1995 оноос хойш үзэгдээгүй амжилт байв.

Өнгөрсөн зун түүнтэй гэрээгээ сунгаж, дахин гурван жил хамтран ажиллахаар гарын үсэг зурсан юм. 

 

Эх сурвалж: ESPN