80 гаруй жилийн өмнө холбоотнуудын хаясан тэсрээгүй гурван бөмбөг илэрсний дараа Кёльн хотод дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Германд тохиож байгаагүй том нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ.
Эрх баригчид нийтдээ 20,000 орчим хүнийг орон гэр, ажлын байрнаас нь нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Рейн голын гурван гүүр болон ойр орчмын замуудыг хааж, эмнэлэг, сургууль, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоожээ.
RTL телевизийн сувгийн студи нүүлгэн шилжүүлэлтийн 1,000 метрийн радиусад багтсан тул мэдээллийн хөтөлбөрөө Берлин хотоос дамжуулсан байна.
Бөмбөгнүүдийг орон нутгийн цагаар өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө аюулгүй болгох төлөвлөгөө гарч, үүнээс өмнө нүүлгэн шилжүүлэлтийг дуусгахаар ажиллаж байгаа ажээ.
Тэдгээр нь АНУ-д үйлдвэрлэгдсэн 1,000 кг-ийн хоёр, 500 кг-ийн нэг бөмбөг юм байна.
Даваа гарагт Рейн голын баруун эрэгт явагдаж буй барилгын ажлын үеэр бөмбөгнүүдийг илрүүлжээ.
Хотын захиргааныхан, цагдаа нар болон сайн дурынхан нүүлгэлтийн бүсэд багтсан айл өрх, албан газруудын хаалгыг тогшин анхааруулж эхэлсэн байна.
Татгалзсан хүмүүсийг албадан нүүлгэх эрхийг цагдаагийн албан хаагчдад өгсөн гэнэ.
Нүүсэн хүмүүсийг спортын заал, сүм, асар майханд байрлуулж, хоол хүнсээр хангасан байна.
Кёльн бол дэлхийн хоёрдугаар дайны үеэр хамгийн их бөмбөгдүүлсэн Германы хотуудын нэг юм. Их Британийн агаарын хүчин тухайн үед нийт 262 удаагийн довтолгоог тус хотод явуулсан гэдэг. Ингэхдээ зарим тохиолдолд АНУ-д үйлдвэрлэсэн бөмбөг ашигладаг байжээ.
Холбоотнуудын бөмбөгдөлтийн улмаас Кёльн хотын 20,000 орчим оршин суугч алагдсан гэсэн тоо баримт бий.
1942 оны тавдугаар сарын 30-ны шөнө Британийн агаарын хүчний анх удаа мянган онгоцоор довтолсон Германы хот нь Кёльн болж байжээ.
Энэ шөнийн “Operation Millenium” нэртэй ажиллагаанд 1,000 гаруй онгоц оролцож, 1,455 тонн бөмбөг хаясан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!