Канадад шатаж буй ой хээрийн их түймрийн утаа Европ тивийн баруун хойд хэсэгт хүрснийг Европын Холбооны цаг уурын алба өчигдөр мэдээлжээ.
Утаа агаар мандлын дээд давхаргад байгаа тул одоогоор хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулахгүйг бас баталсан байна.
“Канадын Манитоба, Саскачеван мужуудад шатаж буй ой хээрийн түймрээс гаралтай утаа Атлантын далайг гаталжээ” гэж Коперникус Агаар Мандлын Ажиглалтын Алба (CAMS) мэдээлжээ.
Тус алба тавдугаар сарын дундаас хойш хиймэл дагуулаас энэ түймрийн утааны шилжилт хөдөлгөөнийг ажиглаж байгаа гэнэ.
Утааны эхний багахан хэсэг хамгийн хол хүрсэн нь Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт оршдог Грек улс байжээ.
“Хоёр дахь, хавьгүй том хэмжээтэй утаа тавдугаар сарын сүүлийн долоо хоногт Атлантын далайг гаталж, зургаадугаар сарын 1-нд Европ тивийн баруун хойд хэсэгт хүрсэн байна” гэж CAMS-ийн мэдээлэлд дурдсан байна.
Уг утааны бөөгнөрөл өнөөдөр Франц улсын баруун хойд хэсэг, Парис хот орчимд хүрэх урьдчилсан төлөв гарчээ.
Агаар мандлын дээд хэсэгт байгаа утаа хэдийгээр хүн амын эрүүл мэндэд аюул учруулахгүй ч тэнгэрийг бүрхэж, нарны өнгийг өөрчлөх нөлөөтэй гэнэ.
Канадын төв хэсгийн Манитоба мужид хуурайшлын улмаас сүүлийн жилүүдэд тохиолдоогүй том ой хээрийн түймэр дэгдээд байгаа. Баруун хөрш Саскачеван мужид уг түймэр тэлсний улмаас тавдугаар сарын сүүлээр онц байдал зарлаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Канадын эрх баригчид энэ зун тус улсын төв болон баруун хэсэгт түймрийн эрсдэл улам нэмэгдэнэ гэж үзэж байна.
CAMS бас дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт эхэлсэн ой хээрийн түймэр ойролцоогоор 35 сая тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулсныг тооцоолсноо өчигдөр зарлажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|