Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр даралттай агаарын урсгалын давхцал Өмнөд Солонгосын нийслэлийн агаарын температурыг Цельсийн 37 хэм хүргэлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгийн дээр өндөр даралттай агаарын хоёр урсгал  давхацсаны улмаас Баасан гарагт Сөүл, Дэжон хотууд болон Өмнөд Солонгосын бусад бүс нутагт агаарын температур Цельсийн 37 хэм хүрч халжээ.

Үүний улмаас тус улсын эрх баригчид агаарын хэт халалтын анхааруулгыг “ноцтой” түвшинд ахиулсан байна.

Номхон Далайн хойд хэсэг болон Төвөдийн өндөрлөгөөс ирсэн өндөр даралттай агаарын урсгалууд дээр өмнө зүгийн халуун, чийглэг салхины нөлөө нэмэгдсэнээс агаарын хэт халалт эрчимжиж, ойрын өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байгааг тус улсын цаг уурын алба мэдээлжээ.

Одоо тус улсын Сөүл, Бусан хотууд, Чэжү арал болон бусад бүс нутагт “халуун орны шөнө” хэмээх цаг уурын үзэгдэл үргэлжилж байгаа.

Энэ нь шөнийн агаарын температур Цельсийн 25 хэмээс буухгүй байх үзэгдэл юм.

Баасан гарагт Өмнөд Солонгосын нийт нутаг даяар өдрийн агаарын температур Цельсийн 31-37 хэмийн хооронд байжээ. Гэхдээ агаарын өндөр чийгшлийн улмаас 35 хэмээс дээш халалт мэдрэгдэж байгааг тус улсын цаг уурын алба тайлбарласан байна.

Мөн Солонгосын хойгийн ойролцоо далай тэнгисийн усанд гурван хар салхи дэгдсэн нь амралтын өдрүүдийн халалтыг эрчимжүүлж болзошгүй болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News