Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баасанжаргал: Тойрогтоо ₮15 тэрбумын хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломжгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бүсчилсэн тойргоос сонгогдсон 78 гишүүний тойрогт 15 тэрбум төгрөг хуваарилахаар яригдаж байгаа аж.

Энэ талаар МАН-ын жагсаалтын 18 дугаарт бичигдсэн, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын гишүүд Засгийн газарт хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл.

МАН-ын бүлгийн чатанд Даваа гарагт энэ талаар сануулсан мессеж ирсэн цагаас эхлэн Засгийн газрын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав.

Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2.5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж М.Нарантуяа-Нара гишүүний хэлдгээр шүгэл үлээв.

Гэвч М.Нарантуяа-Нара, бид хоёрыг юмыг зөв ойлго, энэ бол санал төдий, бид ийм л ажил хийж байж иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлнэ, том хулгай дээр дуугар гэх мэтээр АН, МАН-гүй чичлэв.

Бид хоёрыг буруутгах нэг хэрэг, гэтэл өнөөдөр 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр. Татвар төлөгчдийнхөө хөлсөө дуслуулж олдог мөнгөнд ийм үрэлгэн хандахыг тэвчиж чадахгүй.

Би өөрийн санал нийлэхгүй байгаа хэд хэдэн үндэслэлээ доор бичиж үлдээе. (Үндсэн хууль, Улс төр судлаач нар илүү шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлс бичих байх)

  1. Төсвийн үр ашигтай байдал. Төсвийн орлого тасалдаж, цаашид бүгд бүсээ чангална гээд төрийн албан хаагчдын 9 хувийг цомхотгож байгаа билээ. Төлөвлөлтгүй, нэгдсэн бодлогогүй, олон жил дамнасан үр ашиггүй шийдвэр гаргалтыг зогсоох ёстой. Засгийн газар нь хаана сургууль, цэцэрлэгээ барихаа шийдэж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулж ирэх ёстой бус уу?
  2. Гишүүд зөвхөн тойргийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэх ёсгүй. Бид “… нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тангараг өргөж, Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг л хэрэгжүүлэх үүрэгтэй.
  3. Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдана. Парламент болон Засгийн газрын Үндсэн хуулиар заагласан эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж, Засгийн газрыг хянах хүчийг сулруулж буй “хуйвалдаан” шүү дээ.
  4. Сонгуулийн “авлига” -ыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл. Клиентелизмыг өөгшүүлж байна. Улс төрч, төрийн эрх бүхий хүмүүст хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх мэдэл албан тушаалаа ашиглах давуу эрх бий болгож улмаар шударга бус улс төрийг өөгшүүлэх, авлигын нэг хэлбэр юм.
  5. Шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулна. Тойрогтоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломжгүй болж, гарааны тэгш бус байдал үүсгэж, улс төрд “нөгөө л хэд” гарсаар байх болно. Бид сонгуульд итгэх итгэлээ алдаж, Монголоос зайлах тухай бодож, эх орондоо сайн сайхан амьдрах итгэлийг үгүй хийнэ.

Эцэст нь хэлэхэд сонгогчдын боловсрол үүнд хүчтэй нөлөөлж буй хэдий ч улс төрчид өөрсдөө УИХ-ын гишүүний хөөцөлдөж бариулсан барьсан барилгаар нь тэдний ажлыг хэмждэг болгожээ. Шинэ 126 гишүүнтэй парламент Засгийн газрын буруу жишгийг халахын төлөө ажиллаасай гэж хүсэж ийнхүү олон нийтэд мэдээлэл хүргэлээ" гэжээ. 

Түүнчлэн Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номин өөрийн цахим хуудаснаа "Тойргийн гишүүдэд 15 тэрбум төгрөг "тараах" байдлаар нөлөөлөхийг дэмжихгүй. Засгийн газар төсвөө захиран зарцуулах ажлаа хий. УИХ хуулиа баталж, хяналтаа тавина" хэмээн бичсэн байна.