Энэ долоо хоногт Япон улстай худалдааны маргаан зөрчлөө арилгах гэрээг байгуулж чадсанаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарласан билээ.
Уг гэрээний хүрээнд Япон улс Америкийн автомашинуудад зах зээлээ нээхээр болсныг мэдэгдсэн юм.
“Хамгийн чухал нь Япон улс зах зээлээ автомашин, цагаан будаа болон зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нээж өгч байгаа явдал юм” гэж Трамп мэдэгдэж байв.
Энэ сарын эхээр тэр “Сүүлийн арван жилийн хугацаанд бид ганц ч автомашин тэдэнд худалдсангүй. Гэтэл тэд олон сая автомашинаа манайд нийлүүлдэг” гэж гомдоллож байжээ.
Автомашин нь Японд нэвтрэхэд татварын бус саад нөлөөлдөг гэж АНУ-ын компаниуд үздэг. Өөрөөр хэлбэл Японы засгийн газар бодлогоор хязгаарладаг гэсэн үг. Гэвч Японы мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэж байна.
2024 онд ердөө 16,707 автомашин АНУ-аас Японд экспортлогджээ.
Харьцуулбал энэ хугацаанд Германы компаниудын тэргүүлсэн Европын үйлдвэрлэгчид 250,000 гаруй автомашин нийлүүлснийг Японы Автомашин Импортлогчдын Холбооны тоо баримт харуулсан байна.
Тус холбооны төлөөлөгч Шо Мацүмото “Манай гишүүн компаниудаас татварын бус саад бэрхшээлтэй холбоотой ямар нэг санал хүсэлт гарч байгаагүй” гэж мэдэгджээ.
Авто салбарын зөвлөх үйлчилгээний Carnorama компанийн захирал Такеши Мияао “Цагаан будаа зэрэг бүтээгдэхүүнд татварын бус саад байдаг нь өөрийн фермерүүдийг хамгаалах гэсэн засгийн газрын бодлоготой холбоотой. Харин автомашинд тийм зүйл байхгүй” гэж ярьсан байна.
Түүний хэлснээр General Motor, Ford зэрэг Америкийн үйлдвэрлэгчид Японы зах зээлд огт анхаарал тавьдаггүй нь гол асуудал гэнэ.
“Тэд ямар ч маркетинг хийдэггүй, бүр баруун гарын жолоотой бүтээгдэхүүн ч үйлдвэрлэдэггүй. Тиймээс л зарагдахгүй байгаа юм” гэж Мияао тайлбарлажээ.
Өөр нэг хүчин зүйл нь хэмжээний асуудал гэнэ. Тухайлбал зургаан метр урт, хоёр метр өндөр Ford F-150 пикап Японы нарийн зам, давчуу зогсоолуудад тохиромжгүй байдаг ажээ.
Үүнээс гадна Америк автомашины чанартай холбоотой олон жилийн өмнө тогтсон сөрөг ойлголт япончуудын толгойноос салахгүй байгааг өөр нэг мэргэжилтэн Такахиса Мацүяма тайлбарлажээ.
“Кадиллак зэрэг Америкийн анхны автомашинууд Японд орж ирж байхад шатахуун их зарцуулдаг, амархан эвдэрдэг гэсэн ойлголт бий болсон нь одоо ч амь бөхтэй хэвээр байна” гэж тэр хэлсэн юм.
Үүнийг батлах тоо баримтууд өнөөдөр ч харагдаж байгаа.
Тухайлбал АНУ-ын ашгийн бус байгууллагаас гаргадаг Consumer Reports тайланд 2025 оны хамгийн найдвартай брэндүүдийг жагсаахад эхний дөрвөн байрыг Subaru, Lexus, Toyota, Honda гэсэн Японы үйлдвэрлэгчид эзэлсэн байна.
Гэтэл энэ жагсаалтын сүүлийн дөрвөн байрыг Jeep, GMC, Cadillac, Rivian гэсэн Америк үйлдвэрлэгчид эзэлжээ.
Шинэ гэрээний дагуу Японы үйлдвэрлэгчид автомашинаа 15 хувийн импортын татвартай АНУ-ын зах зээлд нийлүүлдэг болж байгаа.
Энэ нь сүүлийн олон арван жилийн хугацааны хамгийн өндөр хэмжээ боловч Трампын анх сүрдүүлж байсан 25 хувийн татвартай харьцуулахад боломжийн хэмжээ юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!