Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн цуврал тэмцээний нэг болох "Intel Extreme Masters Cologne 2025" Герман улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа билээ.
Наймдугаар сарын 3-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Манай улсын "The MongolZ" багийн хувьд дэлхийн чансааны оноогоор А хэсэгт уригдаж оролцож байна.
Тэд өнөөдөр хэсгийнхээ эхний тоглолтыг Францын "3DMAX" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 2:0-оор ялалт байгууллаа.
Манай баг Францчуудын сонгосон "Nuke map" дээр 13:2, өөрсдийн сонгосон "Ancient map" дээр 13:10 онооны харьцаатай хожсон юм. Ингэснээр А хэсгээс Playoffs шатанд шалгарах эрхийн төлөө Саудын Арабын "Team Falcons" багтай маргааш 22:00 цагт тоглохоор болж байна.
"The MongolZ" багийн хувьд өмнө нь Саудын Арабын "Team Falcons"-тай энэ оны дөрөвдүгээр сард "PGL Bucharest 2025" тэмцээний үеэр таарч тоглож, 1:2 онооны харьцаатай ялагдсан. Ийнхүү Саудын Арабын "Team Falcons" багтай томоохон тэмцээний хүрээнд хоёр дахь удаагаа тоглохоор болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!