Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Украин, Оросын төлөөлөгчид Зеленский, Путин нарын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсоныг Туркийн тал батлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Истанбул хотод болж өнгөрсөн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээний үеэр Украин, Оросын төлөөлөгчид Зеленский, Путин нарын уулзалтыг зохион байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн тухай Туркийн гадаад хэргийн сайд маргааш нь мэдэгджээ.

Уг уулзалтыг Туркийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөснийг гадаад хэргийн сайд Хакан Фидан орон нутгийн телевизийн сувгаар ярихдаа дуулгасан байна.

“Талууд хоёр удирдагчийн уулзалтыг Туркийн нутаг дэвсгэрт зохион байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн” гэж тэр хэлжээ.

Талууд энэ мэтээр зөвшилцөлд хүрч эхэлбэл цаашдын яриа хэлэлцээнүүдийн үеэр дайны галыг түр зогсоох шийдэлд хүрэх боломжтойг Фидан илэрхийлсэн байна.

Тэр бас Украиныг эзлэн түрэмгийлэх Оросын дайн бүс нутаг төдийгүй, дэлхий дахинд ноцтой үр дагавар үүсгэж буйг онцолжээ.

“Энэ бол хүмүүнлэг ёсны гамшиг юм. Тэнд бүхэл бүтэн хотууд устаж байна. Үүнээс гадна олон улсын хагарал хуваагдлыг гүнзгийрүүлж, илүү өргөн хүрээний мөргөлдөөнд хүргэх аюул үүсгэж байна. Энэ бол цөмийн зэвсгээс бусад бүх арга хэрэгслийг ашигласан маш хүнд хэцүү, маш их өндөр өртөгтэй дайн юм” гэж Фидан хэлжээ.

Долдугаар сарын 23-ны өдөр Истанбул хотод дайтагч талуудын гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ болж өнгөрсөн. Уулзалт 40 орчим минут үргэлжилсний эцэст дорвитой үр дүнд хүрээгүй.

Олзны цэргүүд солилцох нь энэ уулзалтын цорын ганц шийдвэр байлаа.

Украины тал энэ үеэр Зеленский, Путин нарын уулзалтыг наймдугаар сард багтаан зохион байгуулах санал гаргаж байв.

Гэвч Оросын төлөөлөгчид зөвхөн энхийн гэрээ байгуулахад бэлэн болсон тохиолдолд ийм уулзалт зохион байгуулах боломжтойг хариу мэдэгдсэн юм.

Өчигдөр буюу Баасан гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтыг Истанбул хотод зохион байгуулах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр ойрын өдрүүдэд хоёр ерөнхийлөгчид ийм хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг мэдэх боломжтойг энэ үеэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: NTV Haber