Тайванийн эрх баригч нам Бээжингийн бодлогыг дэмжигч парламентын 24 гишүүнийг солих зорилгоор өчигдөр санал хураалт зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
Эрх баригчид нийт 31 сонгуулийн тойрогт ийм өөрчлөлт хэрэгжүүлэхээр төлөвлөсний 24-д нь өчигдөр санал хураалт явагджээ.
Тухайн тойргийн гишүүдийг эгүүлэн татаж, нөхөн сонгууль явуулахыг дэмжиж байгаа эсэхийг сонгогчдоос асуусан бөгөөд Тайванийн хуулиар дэмжсэн саналын хэмжээ 25 хувиас дээш, эсэргүүцсэн саналын хэмжээнээс илүү гарсан тохиолдолд хэрэгжих ёстой юм.
Гэвч бүх 24 тойрогт нөхөн сонгууль явуулах санаа сонгогчдын хангалттай дэмжлэгийг авч чадаагүй байна.
Дээрх суудлуудыг Бээжинтэй найрсаг харилцаатай байхыг дэмждэг Гоминданы нам эзэмшдэг юм.
Өнгөрсөн оны сонгуулиар тус нам бусад жижиг намуудын хамт Тайванийн парламентад олонх болсон.
Харин эх газрын Хятадаас тусгаар тогтнохыг дэмждэг Ардчилсан Дэвшлийн намын нэр дэвшигч Лай Чин Тэ өнгөрсөн онд Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Сөрөг хүчний эвсэл Тайванийн батлан хамгаалах төсөв зэрэг амин чухал асуудлуудад хориг тавих боломжтой гэж үзээд эрх баригчид нөхөн сонгууль явуулах эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулжээ.
Тайванийн 113 суудалтай парламентад Гоминданы намын ердөө зургаан суудлыг буцааж авахад л ерөнхийлөгч Лай Чин Тэ мөрийн хөтөлбөрөө саадгүй хэрэгжүүлэх боломжтой болох байв.
Үлдсэн долоон тойрогт ирэх долоо хоногт санал хураалт явуулах юм. Гэхдээ өчигдрийн үр дүн үлдсэн тойргуудын санал хураалтын үр дүнд нөлөөлөх магадлалтай боллоо.
Бямба гарагийн орой Лай Чин Тэ санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхийг ард түмэндээ уриалахдаа үүнийг аль нэг намын ялалт, өөр нэг намын ялагдал биш, ардчиллын илрэл гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
“Маргаашаас эхлэн бидэнд олон сорилт бэрхшээл тулгарах ч Тайвань үндсэн хуулийн тогтолцоогоор дотоод маргаанаа шийдвэрлэх чадвартай, өрсөлдөөний дараа ардчилсан үзлээр нэгдэж чаддагаа дэлхий дахинд харуулах ёстой” гэж тэр хэлсэн байна.
Гоминданы нам санал хураалтын үр дүнг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдэхдээ үүнийг ямар нэг “Хятадыг дэмжигч”, “Тайванийг дэмжигч” гэсэн үзлээр харалгүй, тогтвортой байдлыг хүсэж буйн илрэл гэж харахыг иргэддээ уриалсан юм.
International Crisis Group байгууллагын зүүн хойд Азийн ахлах судлаач Уиллям Ян “Бямба гарагийн санал хураалтын үр дүнг Бээжингийн эрх баригчид Лай Чин Тэгийн сурталчилдаг Хятадын аюул гэдэг зүйлд Тайванийн иргэдийн олонх итгэхгүй байгаагийн илрэл гэж харах байх. Ингэснээр Тайванийг энхийн замаар нэгтгэхийг байж болох хувилбар гэж үзэх нь нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талаар энэ нь Тайванийг цэрэг зэвсэг, улс төрийн аргаар дарамтлахаа бууруулна гэсэн үг биш” гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн оны сонгуулиас хойш 18 сарын дараа зохион байгуулагдсан урьд өмнө болж байгаагүй санал хураалт Тайванийн нийгмийг талцуулсан юм.
Санал хураалтын өмнөх өдөр нийслэл Тайпэй хотод хоёр намын аль алийг нь дэмжигчдийн жагсаал цуглаан зохион байгуулагдаж байв.
Гоминданы намын гишүүдийг эгүүлэн татах хөдөлгөөнийг Бээжингийн эрх баригчид ерөнхийлөгч Лай Чи Тэгийн дарангуйлагч болох, Тайванийг нэг намын засаглалд шилжүүлэх оролдлого хэмээн шүүмжилж байлаа.
Эх сурвалж: CNA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!